Онцлох
Хээрийн лабораторийн иж бүрэн багаж хэрэгслийг хүлээн авлаа
1322

ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ЗӨСҮТ-тэй хамтран “Монгол – Оросын нутагт хил залгасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдлыг судлах, тархвар судлалын эрсдлийг бууруулах” хөтөлбөрийг 2017 оноос эхлэн 3 жилийн хугацаатай  хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын хүрээлэнгээс тус төвд хээрийн лабораторийн 39 нэр төрлийн 53.100.000  төгрөгний үнэ бүхий иж бүрэн  лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, мэргэжилтэн А.Долгорханд, ОХУ-ын Эрхүү хотын ТТСЭШХ-ийн захирал С.В.Балахонов, мэргэжилтэн М.Б.Ярыгина, С.А.Витязева нар оролцлоо.

Хээрийн лабораторийн иж бүрэн багаж хэрэгслийг хүлээн авснаар зоонозын гаралтай халдварт өвчнийг хээрийн нөхцөлд өвөрмөц, мэдрэг чадвар сайтай молекул биологийн аргаар хурдан хугацаанд оношлох боломж бүрдэж байна.

 Түүнчлэн хөтөлбөр хэрэгжих хугацаанд  ЗӨСҮТ, ОХУ-ын Эрхүү хотын ТТСЭШХ-ийн  эмч, мэргэжилтнүүдийн хамтарсан баг  хил орчмын хамтарсан шинжилгээ судалгаа, ажлын байран дахь сургалт зохион байгуулж, харилцан туршлага солилцон ажиллах юм.

Мөн Эрүүл мэндийн сайд 7 аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдэд хагас цагийн хугацаанд 16 дээжийг ДНХ-туузан хромаграфын аргаар хээрийн нөхцөлд шинжлэх боломжтой, хос ажиллагаатай Quick Mobile машиныг гардуудан өглөө.

Энэ арга хэмжээний үеэр сайд хэлсэн үгэндээ

Зоонозын салбарын талаар залуу сэтгүүлч байх үеэсээ сурвалжлага хийж явсны хувьд сайн мэднэ. Цалин багатай, маш хүнд эрсдэлтэй нөхцөлд та бүхэн мэргэжлийн ур чадвар гарган бие  сэтгэлээ дайчлан ажилладгийг ойлгож байгаа. Эмч, мэргэжилтнийг сургах, лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах, цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэх талаар анхаарч ажиллах болно. Мөн хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлж орчин үеийн оношилгооны багаж тоног, төхөөрөмж гардуулж байгаад ОХУ-ын Сибирь Алс Дорнодын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал С.В.Балахонов, мэргэжилтэн нарт  талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Үүний дараа сайд Зоонозын өвчин судлалын хамт олонтой уулзан өөрийн үйл ажиллагаандаа баримтлах бодлогын 5 зарчмыг нийт эмч, мэргэжилтнүүдэд танилцууллаа.

Нийтлэсэн огноо: 2017.10.30

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter