Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хоёр орны мэргэжлийн байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Хоёр орны мэргэжлийн байгууллагуудын хамтарсан уулзалт, хэлэлцээрийн үр дүнд хил орчмын бүс нутагт тандалт, судалгааны ажлыг хамтран зохион байгуулж, холбогдох сорьц цуглуулах болон лабораторийн шинжилгээ хийх ажлыг хэрэгжүүлж байна. Хамтарсан судалгааны багт Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын Гаалийн байгууллагын мэргэжилтнүүд болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлагч, биологич, нян судлагч нар ажиллаж байна.
Хил орчмын бүс нутгаас цуглуулсан сорьцод зоонозын халдварт өвчний үүсгэгчийг илрүүлэх молекул биологийн шинжилгээг ЗӨСҮТ-ийн молекул биологийн лабораторид хийж байгаа бөгөөд энэхүү ажил нь зоонозын халдварын үүсгэгчийг илрүүлэх, тандалт судалгааны үр дүнг баталгаажуулахад чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн хамтарсан судалгааны баг ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүдэд зоонозын зарим халдварын үүсгэгчийг хээрийн нөхцөлд илрүүлэх боломжтой түргэвчилсэн оношилгооны багаж хэрэгсэл, түүнийг ашиглах арга зүйн талаар сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт нь мэргэжилтнүүдийн оношилгоо, тандалт судалгааны чадавхыг бэхжүүлэх, талбар дээр шуурхай шинжилгээ хийх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэв.

Нийтэлсэн огноо: 2026.10.20




