Ковид-19
Инфодемик муруйг тэгшлэе
8655

Бид өдөр бүр COVID-19-ийн талаар асар их хэмжээний мэдээлэлтэй танилцаж байгаа боловч бүгд баталгаатай биш байдаг. Тиймээс мэдээллүүдийн ялгааг олж, буруу мэдээллийн тархалтыг зогсоох зарим зөвлөмжийг энд орууллаа.

COVID-19-ийн улмаас бидний ихэнх нь үгийн сандаа эпидемиологи (тархвар судлал) гэсэн шинэ үгтэй болсон. Энэ бол хүн амын дунд халдвар хэрхэн тархах, түүнийг хэрхэн зогсоож, хянах тухай анагаах ухааны салбар юм. Одоо бас нэг шинэ үгийг сурах цаг болжээ: Инфодемиолог.

Хүмүүс бид маш сониуч, шинэ зүйлийг байнга сонирхож байдаг билээ. Бид хүрээлэн буй ертөнцийг ойлгож, тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн даван туулах тухай мэдээллүүдийг цаг тухайд нь авахыг хүсдэг. Үүний тулд мэдээлэл хайж, бас бусадтайгаа хуваалцдаг. COVID-19-ийн анхны тохиолдлууд бүртгэгдсэнээс хойш дэлхийн эрдэмтэн судлаачид олон мянган судалгааг хийж, шаргуу ажилласаар байна.

Гэхдээ дээрх ойлголтод зөвхөн шинжлэх ухаан, судалгааны мэдээллүүд төдийгүй засгийн газар болон эрүүл мэндийн байгууллагуудын албан ёсны мэдээллүүд, бусад мэдээний нийтлэл, санал бодол, влоггер, блог хөтлөгч, подкаст, нийгмийн сүлжээнд нөлөөлөгчдийн мессежийг оруулна. Мөн нийгмийн сүлжээ эсвэл мессежийн программ дээрх найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцсан мэдээллүүд ч орно.

Энэ бүх мэдээллийн урсгалыг инфодемик гэж нэрлэдэг. Жишээ нь: COVID-19 цартахлын талаарх мэдээллийн урсгал. Тухайн мэдээллүүдийг судалж, түүнийг хэрхэн удирдан чиглүүлэх талаар судалдаг ухааныг Инфодемиолог гэдэг.

Infodemic-ийг жолоодох: алдаатай, худал мэдээллүүдийг тодорхойлох зөвлөмжүүд

Мэдээллийн энэ давалгааг жолоодож, хэнд, юунд итгэхээ шийдэх долоон алхмыг энд орууллаа.

  1. Мэдээллийн эх сурвалжийг үнэлэх

Таньтай хэн, хаанаас авсан мэдээллээ хуваалцдаг вэ? Хэдийгээр энэ нь найз нөхөд эсвэл гэр бүлийнхэн байсан ч та тэдний олж авсан мэдээллийн эх сурвалжийг шалгах хэрэгтэй. Нийгмийн сүлжээний хуурамч бүртгэл байгаа эсэхийг шалгахын тулд мэдээлэгчийн профайл хэр удаан идэвхжсэн, дагагчдын тоо, хамгийн сүүлд оруулсан бичлэгийг үзээрэй. Цахим хуудаснуудын хувьд ‘Бидний тухай’ ба ‘Бидэнтэй холбоо бариарай’ гэсэн хуудсуудыг шалгаж, суурь мэдээлэл, хууль ёсны холбоо барих хаягийг нь хайж олоорой.

Зураг эсвэл видеоны талаар ярихдаа тэдгээрийн жинхэнэ эсэхийг шалгаж заншаарай. Зургийн хувьд та Google болон TinEye-ээс өгсөн урвуу дүрс хайх хэрэгслийг ашиглаж болно. Видео бичлэгийн хувьд та Amnesty International-ийн YouTube DatViewer программыг ашиглах боломжтой.

Эх сурвалж нь найдваргүй эсвэл тодорхой бус мэдээллүүд нь мэргэжлийн бус загвартай, найруулга, зөв бичгийн алдаатай байхаас гадна тусгай тэмдэглэгээнүүдийг хэт их ашигласан байдаг.

  1. Гарчигнаас цаашлаад…

Мэдээллийн гарчиг нь олон тооны хандалт авахын тулд санаатайгаар шуугиан тарихаар эсвэл өдөөн хатгасан байж болно. Зөвхөн гарчгийг нь уншаад зогсолгүй агуулгыг нь гүйцэд уншиж байгаарай. Мэдээллийг нийгмийн сүлжээнээс илүү өргөн хүрээнд хайх – сонин, сэтгүүл зэрэг хэвлэмэл эх сурвалж, подкаст, цахим мэдээллийн сайт гэх мэт дижитал эх сурвалжуудыг хайж олох хэрэгтэй. Эх сурвалжуудыг төрөлжүүлснээр юу нь найдвартай, юу нь илүү сайн болохыг олж мэдэх боломжийг олгодог.

  1. Мэдээллийн зохиогчийг тодорхойлох

Зохиогчийн нэрийг цахимаар хайж бодит, найдвартай эсэхийг шалгаарай.

  1. Нийтлэгдсэн огноог шалгах

Аливаа мэдээлэлтэй танилцахдаа дараах асуултуудыг өөртөө тавиарай. Энэ саяхны түүх мөн үү? Энэ нь цаг үеэ олсон эсэх, одоо болж буй үйл явдалтай холбоотой юу? Гарчиг, зураг эсвэл тоон мэдээлэл нь агуулгаас гадуур ашиглагдсан уу? гм.

  1. Нотлох баримтуудыг судалж үзээрэй

Үнэн мэдээллүүд дагалдах баримтуудаар нотлогдож байдаг. Эдгээр баримтад үнэлгээ, ишлэл, статистикийн болон судалгааны үр дүнгүүд байж болно.  

  1. Өрөөсгөл хандлагаа шалгаж байгаарай

Бид аливааг хүлээн авахдаа өрөөсгөл хандлагаар ханддаг бөгөөд энэ нь бидний эргэн тойронд болж буй үйл явдлыг бүрэн ойлгоход сул тал болдог. Мэдээллүүдийг хүлээж авахдаа өөрийнхөө энэ сул талыг үнэлээрэй. Үүнийг та юу гэж тайлбарлаж байна вэ? Та яагаад үүнийг тэгж хүлээж авав? Энэ нь таны төсөөлөлтэй таарч байна уу эсвэл хүсч байсан хариулт чинь мөн байв уу? гэх мэт асуултуудыг өөртөө тавьж өөрийгөө шалгаарай.

  1. Мэдээллийг баталгаажуулах хөндлөнгийн байгууллагууд

Доорх байгууллагуудын цахим хуудсанд холбогдож, эргэлзэж байгаа мэдээллээ шалгаж, баталгаажуулж болдог. Тухайлбал: Олон улсын баримтыг шалгах сүлжээ, дэлхийн мэдээллийн агентлагууд, тэр дундаа Ассошиэйтэд Пресс, Ройтерс зэрэг болно.

Мэдээлэл, ташаа мэдээлэл, хуурамч мэдээлэл

Мэдээлэл гэдэг нь бидний өөрсдийн мэдлэгийн хүрээнд хүлээн зөвшөөрсөн тусгал юм. Жишээлбэл: Ковид-19 гэдэг нь SARS-CoV-2 вирусээр үүсгэгддэг, 2019 онд анх бүртгэгдсэн коронавирусын өвчин юм гэх мэт. Энэ өвчний талаарх өмнөх мэдээллүүд нь бусад шинэ өвчнүүдийн адил шинжлэн судалж, танин мэдэх тусам өөрчлөгдөж байна.

Ташаа мэдээлэл гэдэг нь нэг талаараа хуурамч мэдээлэл юм. Гол онцлог нь бусдыг санаатайгаар хохироох зорилгоор хийгдээгүй мэдээлэл болно. Ташаа мэдээллийг бусдын аюулгүй байдал, сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ ойлгуулах гэж хэн нэгэн эхлүүлдэг. Яг үүнтэй адил сэтгэгдэлтэй хүмүүс мэдээллийг цааш нь түгээдэг. Хүн бүр сайн мэдээлэл гэж бодон түгээдэг боловч харин эсрэгээрээ сөрөг үр дагаварт хүрдэг. Чухам ямар мэдээлэл вэ гэдгээс хамааран ташаа мэдээлэл нь маш хор хөнөөлтэй болж хувирдаг.

Хуурамч мэдээлэл  Ташаа мэдээллээс ялгаатай нь ашиг олох, хор хохирол учруулах зорилгоор санаатайгаар үйлдсэн хуурамч мэдээлэл юм. Энэ хор хөнөөл нь хэн нэгэн, бүлэг хүмүүс, байгууллага, тэр байтугай улс оронд ч чиглэсэн байж болно. Хуурамч мэдээлэл нь ерөнхийдөө зарим үйл ажиллагааны хөтөлбөр лүү чиглэдэг бөгөөд аюултай байж болно. Энэхүү цар тахлын үеэр бидний өөр хоорондоо болон засгийн газар, олон нийтийн байгууллагуудад итгэх итгэлийг эвдэх зорилгоор хуурамч мэдээллүүдийг түгээж байгааг бид харж байна.

Ташаа болон хуурамч мэдээлэл

Ташаа болон хуурамч мэдээлэл нь вирустэй адил тархдаг. Хэн нэгэн хуурамч мэдээллийг өөрийн найз нөхөд, гэр бүлийнхэнд тарааж, тэд цааш түгээснээр тухайн хүн өөрөө ч мэдэж амжаагүй байхад маш олон хүнийг хамарсан буруу мэдээллийн аюултай үр дагаварт хүрсэн байдаг. Гэхдээ бид Ковид-19-өөс өөрсдийгөө гар угаах, маск зүүх, зай барьснаар хамгаалдагтай адил мэдээллийн эрүүл ахуйг сахиж, ташаа болон хуурамч мэдээллүүдийн тархалтыг бууруулж болно. Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө дараахь асуултыг өөрөөсөө асуугаарай.    

Энэ мэдээллээс би юу мэдэрч байна вэ?

Би яагаад үүнийг түгээх гэж байгаа юм бэ?

Энэ үнэн эсэхийг би яаж мэдэх вэ?

Энэ хаанаас ирсэн бэ?

Би үүнийг түгээснээр хэний хөтөлбөрийг дэмжих бол?

Хэрвээ ямар нэг мэдээллийг хуурамч гэдгийг та мэдсэн, эсвэл таныг бухимдуулсан мэдээлэл таньд ирвэл тухайн мэдээллийг илчлэх болон бусдыг шоглох зорилгоор бусдад бүү түгээгээрэй. Ингэснээр та ташаа болон хуурамч мэдээллийг тараах болно. Энэ тухай дараах цахим холбоосноос та илүү мэдээлэл авах боломжтой.

/https://www.who.int/campaigns/connecting-the-world-to-combat-coronavirus/how-to-report-misinformation-online/

Баталгаатай мэдээлэл авах боломжтой эх сурвалжууд бол ЭМЯ болон түүний харьяа байгууллагууд, ДЭМБ-ын цахим хуудаснууд билээ. Гэхдээ вирусийн талаар илүү их мэдээлэл авах тусам мэдээлэл өөрчлөгдөх болно гэдгийг санаарай.

ДЭМБ энэ талаар юу хийж байна вэ?

ДЭМБ хувь хүмүүс, засгийн газрууд болон хувийн хэвшилд зориулан COVID-19 –ийн талаарх мэдээллийн урсгалыг хэрхэн удирдах тухай удирдамжийг боловсруулсан.

Тухайлбал, ДЭМБ 50 гаруй дижитал компани, Facebook, Twitter, LinkedIn, TikTok, Twitch, Snapchat, Pinterest, Google, Viber, WhatsApp, YouTube зэрэг нийгмийн сүлжээний платформуудтай нягт хамтран ажиллаж, шинжлэх ухааны үндэслэлтэй эрүүл мэндийн мэдээллүүдийг боловсруулж бэлтгэсэн бөгөөд хүмүүс Ковид-19-тэй холбоотой мэдээллийг хайхад хамгийн түрүүнд сонгогдохоор суулгаж өгсөн. ИБУМВУ-ын Засгийн газартай хамтран Ковид-19-ийг тойрсон хуурамч мэдээллийн талаарх хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх, ташаа болон хуурамч мэдээллүүдийн талаар бусдад мэдээлэх ажлыг хийж байна. Мөн хувь хүмүүс өөрсдийгөө болон бусдыг COVID-19-өөс хэрхэн хамгаалах талаар хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллээр хангахын тулд WhatsApp, Facebook Messenger, Viber-т ДЭМБ-ын эрүүл мэндийн сэрэмжлүүлэг chatbot-ийг суулгахаар ажиллаж байна.

Эх сурвалж: https://www.who.int/news-room/spotlight/let-s-flatten-the-infodemic-curve

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter