Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулдаг “Халдвартай сорьц тээвэрлэх” цахим сургалтад Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн нийт 30 эмч, ажилтан хамрагдлаа.
Сургалт нь халдвартай сорьц, биологийн материалыг олон улсын холбогдох дүрэм, журмын дагуу ангилах, савлах, хаягжуулах, баримт бичгийг бүрдүүлэх, аюулгүй тээвэрлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэв.
Оролцогчид есөн модулийн хичээл судалж, модуль бүрийн явцын шалгалтаар мэдлэгээ бататган, төгсгөлийн сорилд хамрагдсан. Сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчдод хоёр жилийн хугацаанд хүчинтэй албан ёсны сертификат олголоо.
Сургалтын хүрээнд халдвартай сорьцын ангилал, тээвэрлэлтийн шаардлага, холбогдох баримт бичгийн бүрдүүлэлт, савлагаа, хаягжуулалтын стандартыг судлав. Мөн А, В ангиллын халдвартай материал, эмнэлгийн хог хаягдал, амьтны гаралтай сорьц болон генетикийн өөрчлөлттэй организмыг тээвэрлэх журам, гурван давхар савлагааны тогтолцоо, тэмдэглэгээний байрлал, агаарын тээврээр тээвэрлэх үеийн хэмжээ, жин болон бусад шаардлагын талаар мэдлэгээ бататгалаа.
Энэхүү сургалтад лабораторийн эмч, ажилтнууд хамрагдсанаар халдвартай сорьц, биологийн материалыг холбогдох олон улсын шаардлагын дагуу савлах, хаягжуулах, тээвэрлэлтийн баримт бичгийг зөв бүрдүүлэх, сорьцтой аюулгүй харьцах мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна. Энэ нь сорьц тээвэрлэх явцад үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, биологийн аюулгүй ажиллагааг хангах, лабораторийн үйл ажиллагааны чанар, аюулгүй байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.


Нийтэлсэн огноо: 2026.10.14




