Цаг үеийн
Талархал
928

ОХУ-ын Эрхүү мужид их хэмжээний үер болсонтой холбогдуулан ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс дорнодын тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, АШУ-ны доктор, профессор Сергей Владимирович Балахоновт ЗӨСҮТ-ийн удирдлага, нийт ажилтнууд болон аймаг, нийслэлийн ЗӨСТ-ийн хамт олноос 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр  эмгэнэл илэрхийлсэн захидлыг илгээсэн билээ.

ОХУ-ын Эрхүү мужид их хэмжээний үер болж нийт 10 мянга гаруй хүн амьдардаг 4.2 мянган орон сууцны барилга үерт автсан байна. Тус мужийн Холбооны замын 17 хэсэг, Нижнеудинск, Тулун, Тайшет дахь 13 гүүр үерт автсан ба үерийн урьдчилсан хохирол 29 тэрбум рубль байна. Үерийн бүсээс 2,600 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 2019 оны 7-р сарын 11-ний өдрийн байдлаар 25 хүн нас барсан ба 8 хүн сураггүй байна.

Ийм хүнд гарз хохирол бүхий гамшиг болсонтой холбогдуулан ЗӨСҮТ-ийн захирал, гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний санаачилгаар нийт ажилтнууд болон аймаг, нийслэлийн ЗӨСТ-ийн хамт олныг уриалан хандив цуглуулсан.

Тус төвийн ажилтнууд болон аймаг, нийслэлийн ЗӨСТ-ийн хамт олны шуурхай цуглуулсан хандивын мөнгийг ОХУ-ын Сибирь, Алс дорнодын тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, АШУ-ны доктор, профессор Сергей Владимирович Балахоновыг 2019 оны 7 сарын 16-18-нд Увс аймагт хийх хамтарсан тандалт судалгааны ажлыг эхлүүлэх ажлаар Монголд хүрэлцэн ирэх үеэр гардуулан өгсөн.

Өнөөдөр профессор С.В. Балахоновоос ирүүлсэн захидалд “Та бүхэнд хувиасаа болон хүрээлэнгийнхээ хамт олны нэрийн өмнөөс Эрхүү мужид болсон үерийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж сэтгэлийн  дэмжлэг үзүүлсэнд гүнээ талархсанаа  илэрхийлж та бүхний цуглуулсан мөнгийг рубль болгон хөрвүүлж, Улаан загалмайн шугамаар үерийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах санд шилжүүлсэн”  гэдгээ ЗӨСҮТ-ийн захиралд мэдэгдсэн байна.

Манай төвийн олон жилийн хамтын ажиллагаатай ТТСЭШХ-д дэмжлэг үзүүлэхэд оролцож хандив өргөсөн ЗӨСҮТ-ийн ажилтнууд болон аймаг, нийслэлийн ЗӨСТ-ийн хамт олондоо маш их баярласанаа илэрхийлж байна.

Нийтлэгдсэн огноо: 2019.07.25

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter