Онцлох
ШУТИС-тай хиймэл оюунд суурилсан зоонозын өвчний эрт сэрэмжлүүлэх систем хөгжүүлэхээр хамтран ажиллана
32
Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Зоонозын өвчин судлалын үндэсний төв хиймэл оюунд суурилсан зоонозын халдварт өвчний тандалт, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр гарын үсэг зурлаа.
✅ Хамтын ажиллагаа нь Канадын Хөгжлийн Судалгааны Төв (IDRC)-ийн санхүүжилтээр 2025–2027 онд хэрэгжиж буй AI4PEP – AIZoOM төслийн хүрээнд хэрэгжих бөгөөд хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ, газарзүйн мэдээллийн систем, дрон зэрэг дэвшилтэт технологийг ашиглан зоонозын гоц халдварт өвчний дэгдэлтийг урьдчилан таамаглах, хянах, хариу арга хэмжээг илүү шуурхай хэрэгжүүлэх платформ хөгжүүлэх зорилготой.
✍️ Гэрээнд ШУТИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал, төслийн удирдагч профессор И.Цэрэн-Онолт, ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Х.Ариунболд нар гарын үсэг зурж, ШУТИС-ийн ректор Т.Намнан, ЗӨСҮТ-ийн захирал Б.Амгаланбаяр нар баталгаажуулав.
💬 Арга хэмжээний үеэр талууд энэхүү төсөл нь эрдэм шинжилгээний үр дүнг бодит хэрэглээнд нэвтрүүлэх, зоонозын өвчний тандалт, эрсдэлийн үнэлгээ, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтойг онцоллоо.
📊 Мөн ЗӨСҮТ-ийн олон жилийн тандалтын мэдээлэл, салбарын туршлагыг орчин үеийн технологитой уялдуулснаар өвчний тархалтыг илүү оновчтой таамаглах боломж бүрдэхийг тэмдэглэв.
📖 Төслийн удирдагч профессор И.Цэрэн-Онолт AIZoOM төслийн зорилго, хэрэгжилтийн явц, цаашдын төлөвлөгөөг танилцуулж, эрдэм шинжилгээ, инновацын хамтарсан судалгаа, халдварт болон зоонозын өвчний өгөгдлийн шинжилгээ, загварчлал, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, үндэсний болон олон улсын хамтарсан төсөл, хөтөлбөрийг өргөжүүлэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон талаар мэдээллээ.
✅ Энэхүү хамтын ажиллагаа нь хиймэл оюун, өндөр технологийг нийгмийн эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, шинжлэх ухаан, инновацид суурилсан хөгжлийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна.
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter