Шинжлэх ухааны мэдээлэл
COVID-19 өвчний эсрэг вакцины туршилт хийх трансген (ген шилжүүлэн суулгасан) хулгана гарган авлаа
310

Вирусийн эсрэг вакцин гарган авах эхний чухал алхам нь вирусийг тодорхойлж, хэрхэн өөрчлөгдөж, хувирч болохыг хянах явдал юм. Шинэ коронавирусийн дэгдэлт гарснаас хойш вирусийн геномын дарааллыг тогтоосон нь вакцин, эмчилгээг хэрхэн яаж хийхийг тодорхойлох чухал алхам болсон.

АНУ-д төвтэй Jackson (JAX) лаборатори нь өөрийн туршлага, хулганы аж ахуйн нөөц бололцоог ашиглан клонинг хийж, COVID-19-ийн вакцин, эмийн судалгаа явуулахад тохиромжтой трансген хулгана аль болох хурдан гарган авахын тулд ажилласан байна. Энэ нь дэлхий даяар уг халдварт өвчний судалгааг явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад COVID-19 (SARS-CoV-2)-ийн дэгдэлтийг зогсооход шаардагдах найдвартай материаллаг үүсвэр болох ач холбогдолтой.

Туршилтаар гаргасан хулгана нь вакцин, эмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаанаас харахад коронавирус нь хүний ангиотензин хувиргах фермент-2 (ACE2) -оор хүний биед нэвтрэн ордог байна. Хүний ACE2 уургийг хулганы ACE2 уурагтай харьцуулахад бүтцийн хувьд ялгаатай учир коронавирус нь хулганы эдэд тропизмын шинж чанар бага тул хулганад халдварлуулах нь үр дүнгүй байдаг. Иймээс шинэ коронавирусийн халдварыг судлахад ердийн лабораторийн хулганыг ашиглах нь оновчтой биш юм. Харин уг лаборатори COVID-19 өвчний судалгааны in vivo туршилтын платформын шаардлагыг хангасан трансген хулгана гарган авсан байна.

Ийнхүү АНУ-ын гурван муж, БНХАУ-д салбартай 90 гаруй жилийн түүхт The Jackson Laboratory (JAX) COVID-19 халдварын судалгаа хийх ген шилжүүлэн суулгасан загвар хулгана гаргаж авснаа мэдээллээ.

Эх сурвалж: https://www.jax.org/coronavirus?fbclid=IwAR032eymA_T5DYAn3EJydLQhlyyhCLMWLcCeSbYoh1iZS4 e7zQGPrc31ZcM

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter