Үхрийн дэлэнгийн булчирхайд H5N1 вирус холбогдох рецепторууд илэрдэг боловч амьсгалын замын эдэд эдгээр рецепторууд агуулагддаггүй нь үхэрт уг вирус ер бусын байдлаар халдварладаг механизмыг тайлбарлаж байна.
2024 онд Техас мужийн хойд хэсгийн Панхандл бүс нутагт сүүний чиглэлийн үнээ гэнэт өвчилсөн байна. Өвчилсөн үнээнээс ялгарах сүү өтгөрч, тослог шаргал өнгөтэй болсон байв.
Тухайн үнээнд хийсэн задлан шинжилгээгээр дэлэнгийн үрэвслийн шинж тэмдэг илэрсэн байна.
“Дэлэнгийн үрэвсэл нь сүүний чиглэлийн үнээнд түгээмэл тохиолддог өвчин бөгөөд малын эмч нар өвчний үүсгэгчийг тогтоохдоо нянгийн эмгэг төрүүлэгч зэрэг түгээмэл сэжиглэгддэг шалтгаануудыг зохих журмын дагуу шалгаж байсан” хэмээн Питтсбургийн их сургуулийн мал эмнэлгийн микробиологич Суреш Кучипуди мэдэгдэлдээ дурджээ.
Гэсэн хэдий ч өвчилсөн малын сүү, ийлдэс болон эдийн дээжид хийсэн нарийвчилсан шинжилгээгээр урьдчилан таамаглаагүй нэгэн үүсгэгч илэрсэн нь шувууны томуугийн А хэвшлийн өндөр хоруу чанартай H5N1 вирусын омог байв.
“Жинхэнэ үүсгэгч нь шувууны томуу болохыг тогтоогдоход энэ чиглэлээр ажилладаг бүх хүмүүс үнэхээр их гайхсан. Үхэр H5N1 вирусын эзэн амьтан болж чадна гэдгийг бид огтхон ч төсөөлж байгаагүй” гэж Кучипуди хэлжээ.
Хамгийн анхаарал татсан ажиглалтуудын нэг нь H5N1 вирус бусад хөхтөн амьтдад уушгийг гэмтээдэгтэй адил бус, харин үхрийн дэлэнгийн булчирхайг голлон халдварлаж байсан явдал байв.
Кучипуди болон түүний багийнхан масс спектрометр, дэвшилтэт микроскопийн арга болон вирусын холбогдох чадварыг тодорхойлох шинжилгээг ашиглан H5N1 вирус үхэрт ийнхүү өвөрмөц байдлаар халдварлах үндсэн механизмыг тодруулах зорилгоор судалжээ.
Судлаачид үхрийн дэлэнгийн булчирхайд вирус холбогдох рецептор агуулагддаг боловч амьсгалын замын эдэд уг рецептор агуулагддаггүй болохыг ажигласан байна. Энэ рецептор нь вирус эсэд нэвтрэх халдварын замыг бүрдүүлдэг байна.
“Science Advances” сэтгүүлд нийтлэгдсэн тэдний судалгааны үр дүн нь бусад фермийн амьтдын дунд эрчимтэй тархсаар буй уг вирусын халдварлах чадварыг судлах үндсэн суурийг бүрдүүлсэн юм.
Кучипуди болон түүний баг томуугийн вирусүүдтэй холбогддог нь мэдэгдсэн сахар суурьтай молекулууд буюу гликануудыг агуулсан рецепторуудын нэг дэд бүлэгт анхаарлаа хандуулсан.
Үхрийн амьсгалын замын эдэд масс спектрометрт суурилсан гликомикийн профайлын шинжилгээ хийхэд эдгээр рецептор тухайн дээжүүдэд бараг илрээгүй боловч дэлэнгийн булчирхайд илэрсэн нь уг эдийг “вирус үржих төгс орчин” болгож байна гэж Кучипуди хэлжээ.
Үүний дараа судлаачид H5N1 вирусын бүрхүүлтэй боловч түүний генетикийн элементүүдийг агуулаагүй псевдовирус ашиглан холбогдох чадварыг тодорхойлох шинжилгээ хийжээ. Энэ нь вирусыг эзэн амьтны рецептортой холбогдох боломжтой харин эзэн амьтны эсийн дотор үржих боломжгүй болгодог байна.
Электрон микроскопийн шинжилгээгээр псевдовирус үхрийн амьсгалын замын эдэд холбогдоогүй, дэлэнгийн булчирхайг бүрхсэн хучуур эдийн эсүүдтэй холбогдсон болохыг тогтоосон байна.
Үүнтэй нийцүүлэн, зэрлэг хэв шинжийн H5N1 вирус дэлэнгийн булчирхайн эсүүдтэй холбогдсон боловч амьсгалын замын эдтэй холбогдоогүй нь үхрийн дэлэнгийн булчирхай дахь рецепторуудын бүрдэл нь вирус эсэд нэвтрэх, улмаар халдвар үүсгэх замыг бүрдүүлдэг болохыг баталгаажуулсан байна.
Кучипудигийн хэлснээр, судалгааны үр дүн нь бусад амьтдын H5N1 вирусын халдварт өртөмтгий байж болох эдүүдийг тодорхойлох боломжийг бусад судлаачдад нээж өгч байна.
“Эндээс олж авсан сургамжууд нь биднийг дахин ийм зүйлд гэнэтийн байдлаар өртөхөөс урьдчилан сэргийлэхэд тусалж болох юм” хэмээн тэр хэлжээ.
Эх сурвалж: https://www.the-scientist.com/why-bird-flu-targets-cows-udders-instead-of-lungs-74649
Нийтэлсэн огноо: 2026.10.07




