Цаг үеийн
Шинэ коронавирусийн эволюци, генетикийн олон янз байдал
1879

Питсбургийн их сургуулийн Клиникийн микробиологийн факультетийн эрдэмтэд шинэ коронавирус (SARS-Cov-2)-ийн эволюци, генетикийн олон янз байдлын судалгааг хийжээ. Энэхүү судалгаагаар Хятад (50), АНУ (11), Австрали (5), Япон (5), Франц (4), Сингапур (3), Англи (2), Тайвань (2), Өмнөд Солонгос (1), Бельги (1), Герман (1), Вьетнам (1) зэрэг улсуудын COVID-19 халдварт өртсөн 86 өвчтнөөс ялгасан омгуудын бүрэн геном дээр шинжилгээ хийсэн. SARS-CoV-2-ийн хурдан тархалт нь геномын мутацийн гаралтай эволюцийн хувьслаас үүдэлтэй эсэх талаар сонирхол татсан асуултуудыг төрүүлж байна.

SARS-CoV-2-ийн геном нь бусад бетакоронавирусийн нэгэн адил 5′ төгсгөлд урт ORF1ab полипротеин, дараа нь гадаргуугийн Spike гликопротеин, жижиг Envelope уураг, матрици уураг, нуклеокапсидын уураг зэрэг дөрвөн үндсэн бүтцийн уураг кодлох генүүдийг агуулдаг.

Энэхүү генетикийн шинжилгээгээр Япон (Айчи), АНУ (Висконсин), Австрали (Виктория) зэрэг  улсын SARS-CoV-2-ийн геномын гурван дараалалд делеци (нуклеотид гээгдсэн) үүссэн байгааг илэрүүлсэн (Зураг-1).

Зураг-1 SARS-CoV-2-ийн геномын дарааллын ORF1ab полипротеин  болон  3′ төгсгөл дээрх делеци цэгэн мутацийг харуулав.

ORF1ab полипротеины хэсэгт гурав ба хорин дөрвөн нуклеотид,  геномын 3 ′ төгсгөлд 10 нуклеотид гээгдэж делеци үүссэн байсан. Мөн сонирхолтой нь сонгон авсан дарааллуудад 93-н байршилд мутаци илэрсэн (Хүснэгт 1). Envelope уургийн хэсгээс бусад бүх бүтцийн болон бүтцийн биш уургаас 42 миссенсе мутаци (нуклеотидын дараалал өөрчлөгдсөнөөр уургийн аминхүчлийн дараалалд өөрчлөлт орох) тодорхойлогдсон. Хорин есөн мутаци нь ORF1ab полипротеинд, найм нь гадаргуугийн spike гликопротеид, нэг нь матрицын уурагт, дөрөв нь нуклеокапсидын уурагт тус тус илэрсэн. Гурван мутаци (D354, Y364, F367) нь гадаргуугийн Spike гликопротеины рецептор холбогдох домайн дээр байрлаж байгааг тэмдэглэжээ.

Гадаргуугийн Spike гликопротейны аминхүчлийн өөрчлөлт антигений өөрчлөлтийг бий болгох магадлалтай гэж үзсэн. Одоог хүртэл SARS-CoV-2 гадаргуугийн spike гликопротеины бүтцийн өөрчлөлтөд оролцдог амин хүчлийн байршилийн судалгаа хийх боломжгүй байна. Эдгээр амин хүчлийг ялган таних нь чухал ач холбогдолтой бөгөөд үүнийг цаашдын судалгаагаар судлах шаардлагатай байна.

Эх сурвалж: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7106203/

Нийтлэгдсэн огноо: 2020.06.10

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter