Монгол улсад коронавируст (COVID-19) халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол анх бүртгэгдсэн цагаас хойш ЗӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг нийт 450 удаагийн дуудлагаар сэжигтэй болон батлагдсан тохиолдол байрлаж байсан тусгаарлан ажиглах байрны 345 өрөө, тусгай үүргийн нислэгээр голомтот бүс нутгаас эх орондоо ирсэн 27,725 иргэдэд үйлчилж, 42,092 ширхэг гар тээш, 775,113 кг карго ачаа, 179 агаарын хөлөг, 1,124 тээврийн хэрэгсэл, 31 галт тэрэг, 13 чингэлэг зэрэгт халдваргүйжүүлэлт хийж, дотоодод халдвар тархахаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Мөн Монгол улсын Засгийн газраас гадаадад гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байна. Улсын Онцгой Комиссын шийдвэрээр 2020 оны 10 дугаар сард тусгай үүргийн 10, захиалгат 8 нийт 18 удаагийн нислэг үйлдэгдэж нийт 3,460 иргэнийг татан авлаа.
Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын эд зүйлс, ачаа, тээш, тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл болон тусгаарлан ажиглах байрыг халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дагуу тусгаарлан сорьц авч COVID-19 халдварын шинжилгээ хийх үйл ажиллагааг ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний багууд гүйцэтгэж байгаа бөгөөд 10-р сард хариу арга хэмжээний 8 баг голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд 62 удаа ажиллаж, 18 онгоц, 6 тусгаарлах байр болон зорчигчдыг тээвэрлэсэн 177 тээврийн хэрэгсэл болон зорчигчдын гар тээш, хувийн хэрэгсэл, зэрэг нийт 65,000 гаруй кг ачааг халдваргүйжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулснаар дотоодод халдвар тархах эрсдэлээс 100 хувь урьдчилан сэргийлж ажиллалаа.
ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдоос 19 удаа нийт 2,021 хүнээс сорьц цуглуулж, лабораторийн шинжилгээ хийсэн. Үүнээс ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаанбайшинт боомтоор нэвтэрч буй 132 иргэдээс газар дээр нь коронавирусийн шинжилгээ хийж гүйцэтгэлээ.
Нийтлэгдсэн огноо: 2020.11.03