Цаг үеийн
Баян-Өлгий аймгийн нутагт тарваган тахлын тандалт судалгааг хамтран гүйцэтгэж байна
1674

ЗӨСҮТ нь ОХУ-ын ЗГ-ын ”Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр” –ийг Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган Тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран 2017 оноос хэрэгжүүлж байгаа билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулах, хүрээлэнгийн мэргэжилтнүүд үндэсний төвийн лабораторид ажлын байрны сургалтыг зохион байгуулах, оношлуур, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, явуулын автолабораторийг ЗӨСҮТ-д нийлүүлэх зэрэг томоохон үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий, Увс, Хэнтий аймгуудын ОХУ-тай хиллэх бүс нутгуудад тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг жил бүр гүйцэтгэж Сийлхэм, Хархираа- түргэн, Хурхын голомтуудын эрсдлийг үнэлэн дүгнэлт гаргаж байгаа ба хилийн бүсийн боомтуудад хамтарсан дасгал сургуулилтыг мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан зохион байгуулж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу 2021 оны 7 дугаар сарын 2-30-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цагааннуур сумдын голомтот нутагт ЗӨСҮТ, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын ТТСЭШХ, Алтайн тарваган тахлын станцийн хамтарсан баг тандалт судалгааг гүйцэтгэж байна. ОХУ-ын тандалтын багийг коронавируст халдварын халдвар хамгааллын шаардлагатай бүх бичиг баримтуудыг бүрдүүлэн УОК-ын тусгай зөвшөөрлөөр хил нэвтрүүлсэн ба хамтарсан багийнхан зөвхөн судалгааны төлөвлөгөөт бүсэд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллаж байна.  Өнгөрсөн 2017-2020 онд тус бүс нутгаас тарваган тахлын нянгийн 90 гаруй омгийг илрүүлэн голомтот нутагт идэвхтэй эпизоот явагдаж буйг тогтоосон ба энэ жил ч голомтын идэвхжил өндөр байх магадлалтай. 


Нийтлэгдсэн огноо: 2021.07.19

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter