Цаг үеийн
ОХУ-ын Эрхүү хотод эрдэм шинжилгээний хуралд оролцлоо
9

ОХУ-ын Эрхүү хотноо 2026 оны 9 дүгээр сарын 10–12-ны өдрүүдэд “Зоонозын халдварын тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол-практикийн XI бага хурал зохион байгуулагдлаа.
Тус хурлыг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Оросын Шинжлэх ухааны академийн Өрхийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрдэм шинжилгээний төвийн удирдлага дор Эрхүү хотын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны сургууль хамтран зохион байгууллаа.
Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Өрхийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрдэм шинжилгээний төвийн захирал, АШУ-ны доктор Л.В.Рычкова, Эрхүү мужийн эдийн засгийн хөгжил, үйлдвэржилтийн сайд В.Ю.Цишковский, Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, АШУ-ны доктор С.В.Балахонов, Новосибирьск хотын Вирус судлалын хүрээлэнгийн захирал А.М.Шестопалов, Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын дэд консул Ж.Хажидсүрэн, ЗӨСҮТ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Цэрэнноров нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.
Салбар хуралдаанаар дамжуулагчаар дамжих халдвар, зоонозын халдварын эпидемиологи, молекул биологийн оношилгоо, урьдчилан сэргийлэлтийн орчин үеийн асуудлуудыг хэлэлцэв.
ЗӨСҮТ-ийн судалгааны баг хийсэн судалгааны ажлын үр дүнгээ аман болон ханын илтгэлээр танилцуулж, эрдэмтэн, судлаачидтай санал, туршлага солилцлоо.
Мөн хурлын үеэр ӨЭМНҮЭШТ-ийн удирдлагуудтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, хамтарсан тандалт судалгаа хийх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, хурал зохион байгуулах чиглэлээр санал солилцов.
Хуралд оролцсоноор хил дамнасан зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээ, оношилгоо, тандалт судалгааны чиглэлээр ОХУ болон бусад орны тэргүүлэх эрдэмтэн, судлаачидтай цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдлээ.
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, онлайн бүтээл: health-family.ru

Нийтэлсэн огноо: 2026.09.16

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter