БНХАУ-ын Үндэсний Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Газар (National Disease Control and Prevention Administration)-ын удирдах албан тушаалтнууд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд зочилж, хоёр орны хил орчмын бүсэд зоонозын халдварт өвчний байгалийн голомтын хамтарсан тандалт, судалгааг өргөжүүлэх, халдварын эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр хил орчмын бүсийн нутагшмал болон зөөвөрлөгдөх эрсдэлтэй зоонозын өвчний тандалт, хяналт, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлтийг сайжруулах, хоёр талын мэргэжилтнүүдийг харилцан сургах, туршлага солилцох боломжийн талаар хэлэлцэв.
Түүнчлэн бруцеллёз, шувууны томуу, хачгаар дамжих халдварын чиглэлээр хамтарсан судалгаа хийх, мэдээлэл харилцан солилцох, БНХАУ-ын холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар санал солилцлоо.
Талууд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж, мэргэжилтэн солилцоо, судалгаа шинжилгээ, тандалт судалгаа болон зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Нийтэлсэн огноо: 2026.09.07




