Таны мэдлэгт
Мал эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн ач холбогдол бүхий хачгийг (acari: ixodidae) хянахад янз бүрийн акарицидын үр нөлөөг in vitro орчинд харьцуулан судалсан нь
7

Хачиг нь мал, амьтны биед шимэгчилж, цус сорох замаар малын эрүүл мэнд, ашиг шимд сөргөөр нөлөөлдөг төдийгүй төрөл бүрийн халдварт болон зоонозын өвчнийг дамжуулах чадвартай эктопаразит юм. Ялангуяа дулаан, чийглэг уур амьсгалтай бүс нутагт хачгийн тархалт өндөр байдаг.
Египет улсад Boophilus annulatus, Hyalomma dromedarii болон Rhipicephalus sanguineus зэрэг хачгийн зүйлүүд өргөн тархсан байна. Эдгээр хачиг нь үхэр, тэмээ, нохой зэрэг амьтдад шимэгчилж, малын ашиг шимийг бууруулахаас гадна төрөл бүрийн өвчин үүсгэгчийг дамжуулах эрсдэлтэй байдаг. Тухайлбал, Boophilus annulatus нь үхрийн мах, сүүний үйлдвэрлэлд эдийн засгийн хохирол учруулдаг, Babesia болон Anaplasma төрлийн үүсгэгчдийг дамжуулдаг бол Hyalomma dromedarii нь ку халуурал өвчний үүсгэгч Coxiella burnetii-ийг дамжуулах боломжтой. Харин нохойд шимэгчилдэг Rhipicephalus sanguineus нь Babesia canis, Ehrlichia canis зэрэг өвчин үүсгэгчийн дамжуулагч болдог.
Хачгийг устгахад яагаад хүндрэл үүсэж байна вэ?
Хачигтай тэмцэх үндсэн арга нь акарицид буюу хачиг устгах зориулалттай химийн бэлдмэл хэрэглэх явдал юм. Дэлхий дахинд органофосфат болон нийлэг пиретроидын бүлгийн олон төрлийн акарицидийг үхэр,тэмээ, нохой зэрэг мал, амьтны хачгийг хянахад өргөн ашигладаг.
Гэвч акарицидийг удаан хугацаанд, давтамжтай, өргөн хүрээнд хэрэглэхийн хэрээр хачгийн популяцид тухайн бодисын үйлчлэлийг тэсвэрлэх чадвар бий болох эрсдэл нэмэгддэг. Үүнийг акарицидын тэсвэржилт гэж нэрлэдэг. Дэлхийн олон оронд Boophilus, Hyalomma, Rhipicephalus зэрэг хачгийн төрөлд янз бүрийн түвшний тэсвэржилт үүссэн талаар мэдээлсэн байдаг.
Египетийн Сохаг мужид малчид, фермерүүд болон малын эмч нарын мэдээллээр акарицидээр давтан шимэгч устгал хийсэн ч хачгийн халдвар дахин дахин илэрч, эмчилгээний зардал нэмэгдэхийн зэрэгцээ сүүний үйлдвэрлэлд хохирол учирч байжээ. Иймээс тухайн бүс нутагт хэрэглэж буй акарицидын үр нөлөө болон хачгийн тэсвэржилтийн түвшнийг тодорхойлох шаардлага үүссэн байна.
Судалгаагаар юуг тодорхойлов?
Судлаачид Египетэд түгээмэл хэрэглэгддэг зургаан төрлийн акарицидын үр нөлөөг Boophilus annulatus, Hyalomma dromedarii болон Rhipicephalus sanguineus хачгийн авгалдай болон бие гүйцсэн үе шатанд лабораторийн нөхцөлд харьцуулан судалсан.
Судалгаанд: Cyfluthrin, Deltamethrin, Lambdacyhalothrin, Esbiothrin, Chlorpyrifos, Malathion зэрэг акарицидыг туршсан байна.
Авгалдайн мэдрэг чанарыг larval packet test, бие гүйцсэн хачгийн мэдрэг чанарыг adult tick test-ээр тус тус үнэлж, 3, 9, 12 болон 24 цагийн дараах үхлийн түвшнийг харьцуулсан байна.
Судалгааны гол үр дүн
Судалгааны хамгийн анхаарал татахуйц үр дүн нь 5%-ийн Cyfluthrin-д судалгаанд хамрагдсан бүх хачгийн зүйл болон хөгжлийн үе шат мэдрэг байсан явдал юм.
Харин бусад таван акарицидын хувьд хачгийн зүйл болон хөгжлийн үе шатаас хамааран I–III түвшний тэсвэржилт илэрсэн байна.
Тухайлбал, 24 цагийн дараах үнэлгээгээр Cyfluthrin нь Boophilus annulatus-ийн авгалдай болон бие гүйцсэн хачгийн эсрэг 91.7%-95%-ийн үр нөлөө үзүүлсэн байна.
Авгалдай яагаад бие гүйцсэн хачгаас илүү мэдрэг байсан бэ?
Судалгааны бас нэг сонирхолтой үр дүн нь авгалдай акарицидын үйлчлэлд бие гүйцсэн хачгаас илүү мэдрэг статистик бүхий ач холбогдолтой байжээ (P ≤ 0.05).
Судлаачдын үзэж байгаагаар хачгийн хөгжлийн үе шат бүрд химийн бодисыг задлах, хоргүйжүүлэх болон тэсвэржилтийн механизмд оролцдог ферментийн систем ялгаатай байдагтай холбоотой байж болох юм. Мөн химийн нэгдлүүдэд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлдэг зарим генетикийн өөрчлөлт, мутаци авгалдайн үе шатанд харьцангуй бага хөгжсөн байж болохыг дурдсан байна.
Тэсвэржилт үүсэхэд юу нөлөөлж болох вэ?
Судалгаанд хачгийн тэсвэржилт өндөр түвшинд хүрсэн байж болох хэд хэдэн шалтгааныг дурдсан байна.
Нэгдүгээрт, акарицидыг удаан хугацаанд, эрчимтэй, өргөн хүрээнд хэрэглэх нь хачгийн популяцид тэсвэржилт үүсэхэд нөлөөлөх боломжтой.
Хоёрдугаарт, акарицидын бүтээгдэхүүнийг сонгохдоо фермерүүдийн хоорондын зөвлөгөө, туршлагад хэт найдах, мэргэжлийн зөвлөмжгүйгээр бүтээгдэхүүн сонгох явдал нь эмчилгээний үр нөлөөг бууруулах эрсдэлтэй.
Мөн судалгаанд Египетэд малын эмчийн жор, зөвлөгөөгүйгээр орон нутгийн эмийн худалдааны газраас акарицид худалдан авах явдал түгээмэл байгааг дурдсан байна.
Cyfluthrin яагаад онцгой үр дүн үзүүлсэн бэ?
Судалгааны үр дүнгээр 5%-ийн Cyfluthrin нь бүх судлалгаанд хамрагдсан хачгийн зүйл болон хөгжлийн үе шатанд өндөр үр нөлөөтэй байсан цорын ганц бүтээгдэхүүн .
Судлаачид үүнийг тухайн бүс нутагт Cyfluthrin төрлийн акарицидыг хачигтай тэмцэхэд бусад бэлдмэлтэй харьцуулахад тогтмол, өргөн хүрээнд хэрэглэж байгаагүйтэй холбоотой байж болох гэж үзсэн байна.
Өөрөөр хэлбэл, тухайн химийн бодист хачиг удаан хугацаанд, давтамжтай өртөх тусам тэсвэржилт үүсэх боломж нэмэгддэг бол харьцангуй бага хэрэглэгдсэн бодист мэдрэг хэвээр байх боломжтой гэсэн санаа юм.
Судалгааны ач холбогдол
Энэхүү судалгааны үр дүн нь хачгийн эсрэг тэмцэхдээ зөвхөн нэг төрлийн акарицидийг удаан хугацаанд давтан хэрэглэхээс зайлсхийж, тухайн бүс нутагт тархсан хачгийн зүйл, хөгжлийн үе шат, эмийн бодист мэдрэг байдал болон тэсвэржилтийн түвшнийг харгалзан үзэх шаардлагатайг харуулж байна.
Мөн акарицидын сонголт, хэрэглээний талаар малын эмчийн мэргэжлийн зөвлөгөө, шинжлэх ухааны үндэслэлтэй хяналт чухал болохыг судалгааны үр дүн онцолж байна.

Мэдээллийн эх сурвалж:
PSM Veterinary Research | https://psmjournals.org/index.php/vetres/article/view/287/221

Нийтэлсэн огноо: 2026.09.04

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter