Цаг үеийн
Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
500

Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийн Ерөнхий захирал Н.Цогбадрах, Эмгэг судлалын үндэсний төв (ЭСҮТ)-ийн захирал Г.Уянга нар 2022 оны 03 сарын 17-ны өдөр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус эрх зүйн баримт бичгийг үзэглэснээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр хамтран ажиллах, шаардлагатай сорьц, материалыг харилцан нийлүүлэх, судалгааг орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт техник, технологид суурилан гүйцэтгэхэд бие биедээ харилцан туслах, судалгааны ажлын үр дүнг нийтэд түгээхдээ зохиогчийн эрхийг хамтран эзэмших зэрэг олон боломжийг нэг дор шийдвэрлэсэн ач холбогдолтой ажил боллоо.

Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга хоёр байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд хандан, тусгай мэргэжлийн төвүүд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд хамтран ажиллах гарааг эхлүүлж байгаа нь анхдаг ажил бөгөөд тухайн чиглэлээр аль нэг байгууллагад тулгамдсан асуудал үүсэхэд хамтран шийдвэрлэх, өөрийн сул талыг нөхөж ажиллахад өндөр ач холбогдолтой болох, зөвхөн үндэсний төвүүд гэлтгүй тэдгээрийн орон нутаг дах салбар нэгжүүд ч хамтран ажиллах ирээдүй байгааг дурдаад, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэж, ерөөлөө.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Цогбадрах зоонозын өвчнүүдийн дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдал, өсөн нэмэгдэж байгаа зоонозын халдваруудын талаар дурдаад нотолгоонд суурилсан шинжлэх ухааныг хөгжүүлэхэд молекул биологийн шинжилгээнүүдийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, хамтын ажиллагаанд амжилт хүсэв.

Мөн энэхүү санамж бичгийн хүрээн дэх анхны ажил болох “Хүний бэтгийн үүсгэгчийн нуклеотидын дарааллыг тогтоох судалгаа”-ны хамтран ажиллах гэрээг хоёр байгууллагын захирал нар баталгаажуулж, гэрээг байгуулсан талуудыг төлөөлж, ЭСҮТ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албаны дарга Ц.Батчимэг, ЗӨСҮТ-ийн судалгааны багийн ахлагч, амьтан судлаач Ц.Баяр нар гарын үсэг зуран, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хөгжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Нийтлэгдсэн огноо: 2022.03.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter