Цаг үеийн
‘Нэг эрүүл мэнд’ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх түншлэлд НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр нэгдэв
1138

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-уудыг нэгтгэсэн “Нэг эрүүл мэндийн төлөөх гурван талт түншлэл” энэ долоо хоногт жил бүр зохион байгуулдаг удирдах зөвлөлийн хурлаараа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийг уг түншлэлд оруулан дөрвөн талт түншлэл болсныг албан ёсоор мэдэгдэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нэг эрүүл мэнд үзэл баримтлал нь хүн, амьтны эрүүл мэнд, экосистемийн нөхцөл, хүрээлэн буй орчныг тогтвортой тэнцвэржүүлж, оновчтой болгох зорилготой юм. Энэ нь сайн сайхан байдлыг дэмжих, эрүүл мэнд, экосистемд учирч буй аюул заналхийллийг даван туулахад олон салбарууд хамтран ажиллах боломжийг бий болгодог. Мөн цэвэр ус, эрчим хүч, агаар, аюулгүй, тэжээллэг хоол хүнс, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад чиглэдэг.
“НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр гурван талт үйл ажиллагаанд нэгдэн орсноор бид илүү хүчтэй болж байна” гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн ерөнхий захирал Ч.У.Донгю хэллээ.
Шинээр өргөжин тэлж буй холбооны ажил нь дараах зургаан үндсэн чиглэл багтана. Үүнд:

  • Нэг эрүүл мэнд үзэл баримтлалын дор эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх улс орнуудын чадавхийг нэмэгдүүлэх;
  • Шинэ буюу сэргэн тархаж байгаа зоонозын өвчнүүдийн дэгдэлт, цар тахлын эрсдэлийг бууруулах;
  • Нутагшмал зоонозын өвчнүүд, анзаарагддаггүй өвчнүүд болон дамжуулагчаар дамждаг өвчнүүдийг хянах, устгах;
  • Хүнсний аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ, удирдлага, харилцаа холбоог бэхжүүлэх;
  • Чимээгүй тахал болох антибиотикийн эсрэг тэсвэржилтийг хязгаарлах,
  • Хүрээлэн буй орчны асуудлуудыг Нэг эрүүл мэндийн арга барилд илүү сайн нэгтгэх арга хэмжээнүүд ордог.

ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Теодрос Аданом Гебрейсус “Бид дэлхийн түвшний илүү өргөн хүрээтэй, зохицуулалттай Нэг эрүүл мэнд засаглалын бүтцийг бий болгох хэрэгтэй байна. Бидэнд хүчирхэг ажиллах хүч, тууштай улс төрийн хүсэл зориг, тогтвортой санхүүгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Бид хэрэгцээтэй өөрчлөлтийг бий болгохын тулд салбар хоорондын болон олон нийтийг хамарсан харилцаа холбоо, хамтын ажиллагааны илүү идэвхтэй арга замыг хөгжүүлэх хэрэгтэй.” гэж мэдэгдэв.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Ингер Андерсен: ‘Нэг эрүүл мэнд’-үзэл баримтлалд нэгдсэн бүх хүмүүст ойлгомжтой нэг зүйл бол бидний өмнө тулгардаг олон асуудлыг нэг ч салбар ганцаараа шийдэж чадахгүй. Хүн, амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэндийг хамгаалах, энэ гарагийн ирээдүйг баталгаажуулахын тулд бидэнд илүү их хамтын ажиллагаа, түншлэл хэрэгтэй. Хамтдаа хөгжихийн тулд хамтдаа байж, хамтдаа зүтгэх хэрэгтэй. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр шинэ бүрэн эрхт гишүүний хувьд эрх тэгш түншийн хувиар үүргээ биелүүлэхэд бэлэн байна.” гэж хэллээ.

Хүчтэй түншлэл нь хүн, амьтны эрүүл мэнд, экосистемийн нөхцлийг зохицуулах стратегийг хурдасгах зорилготой юм

FAO/OIE/WHO/UNEP-ийн хамтарсан Хэвлэлийн мэдээ

Эх сурвалж: https://www.who.int/news/item/18-03-2022-un-environment-programme-joins-alliance-to-implement-one-health-approach

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter