ЗӨСҮТ-өөс ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган Тахал Судлалын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн (ТТСЭШХ) -тэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй ”Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр”-ийн санхүүжилтээр “Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомтонд халдвар судлалын хяналтыг хэрэгжүүлэх, зохион байгуулах нь” сэдэвт мэргэжил дээшлүүлэх сургалт 2022 оны 5 дугаар сарын 15 –25-нд Эрхүү хот дахь ТТСЭШХ –нд зохион байгуулагдлаа.
Тус сургалтанд ЗӨСҮТ-өөс 6, Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Увс аймгийн ЗӨСТ-өөс 4, нийт 10 мэргэжилтэн хамрагдаж тарваган тахал болон бусад гоц халдварт өвчний лабораторийн оношилгоо, халдвар судлал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний орчин үеийн арга зүйд суралцлаа. Суралцагчдад ОХУ-ын улсын стандартын дагуу 60 цагийн сургалтад хамрагдсан тухай гэрчилгээг гардуулсан.
Энэхүү сургалт нь хөтөлбөр хамтран хэрэгжүүлснээс хойш зохион байгуулж буй 4 дэх сургалт бөгөөд энэ удаад орчуулгатай явагдсан нь багш, суралцагчдын сэтгэлд маш их нийцсэн онцлог сургалт байлаа.
Сургалтыг амжилттай зохион байгуулсан ТТЭСЭШХ-ийн захирал, профессор С.В.Балахонов, халдвар судлалын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор Е.С. Куликалова болон хичээл заасан бүх багш нарт гүн талархал илэрхийлж байна.
Түүнчлэн сургалтад хамрагдсан 10 мэргэжилтнүүддээ сурсан мэдсэнээ ажилдаа нэвтрүүлж ажиллахыг хүсэн ерөөж байна.
Нийтлэгдсэн огноо: 2022.05.27