Таны мэдлэгт
SARS-CoV-2-ийн бүтцийг илүү нарийвчлан тодорхойлов
672

Вустерийн Политехникийн Хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн саяхны судалгаагаар КОВИД-19 вирусийн бүтцийг илүү нарийвчилж тодорхойлсон бөгөөд тухайн вирус нь бие махбодод оршиж байх үедээ зууван буюу “амьсгалж буй мэт’ хэлбэрээ өөрчилдгийг олж тогтоожээ.

SARS-CoV-2-ийн бүрхүүлийн талаар зөв ойлголтыг авч чадсанаар вирусийн эсэд холбогддог үйл явцыг бодитоор загварчилж, улмаар молекулын түвшний эмчилгээнд ашиглах боломжтой болох юм байна.

Вирусийн бүрхүүлийн загвар [DOI: 10.1016/j.str.2023.02.006]

Тус хүрээлэнгийн судалгааны баг Остин дахь Техасын Дэвшилтэт Тооцооллын Төвийн супер компьютерт вирусийн бүтэц, генийн дарааллын талаарх асар их хэмжээний мэдээллийг оруулж, Нидерландын Гронингенийн их сургуулийн профессор Сиверт-Ян Марринк тэргүүтэй судалгааны багтай хамтран тооцоолол, загварчлалыг хийжээ.

Супер компьютер нь бүтцийн биоинформатик болон тооцооны биофизикийг ашигласны үндсэн дээр SARS-CoV-2 вирус хэрхэн харагдаж болох зураглалыг бүтээсэн байна. Энэ зураглалаар бол вирус бөмбөрцөг гэхээсээ илүү зууван хэлбэртэй болох, мөн хэлбэрээ өөрчилж чаддаг болохыг тогтоосон. Төслийн ахлагч профессор Дмитрий Коркин “Уг ажил нь вирусийн M уургийг илүү сайн ойлгоход дөхөм үзүүлнэ” гэж мэдэгдсэн байна.

Мембраны буюу М уургийн бүтцийн талаарх мэдээлэл чухал боловч түүний үүрэг бүрэн ойлгомжгүй байсаар байна. M-уургууд бие биетэйгээ нэгдэж M-димер гэх бүтцийг үүсгэдэг. Тухайн бүтэц нь вирусийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ хэлбэрээ өөрчлөхөд нь чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоосон.

SARS-CoV-2 вирусын мембран дээрх M уургийн димерийн загвар
[https://www.sciencedirect.com/science/article/pii/S2001037022000149]

SARS-CoV-2-ийн бүрхүүлийн шинж чанар нь бусад коронавирусийнхтэй төстэй байх магадлал өндөр байна. Эцэст нь коронавирусийн мембраны уургийн шинж чанаруудын талаарх мэдлэг нь ирээдүйд тархах вирусийн эсрэг шинэ эмчилгээ, вакциныг бий болгоход чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: https://phys.org/news/2023-03-team-uncovers-sars-cov-.html

Weria Pezeshkian et al, Molecular architecture and dynamics of SARS-CoV-2 envelope by integrative modeling, Structure(2023). DOI: 10.1016/j.str.2023.02.006

 

Нийтэлсэн огноо: 2023.04.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter