“Зоонозын халдварын тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал 2023 оны 06 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод, Нийслэлийн онцгой байдлын газрын хурлын танхимд зохион байгуулагдаж байна.
КОВИД-19 цар тахлын дараа зоонозын халдварын мөн чанар, түүний учруулах хор хохирлыг хэрхэн бууруулах, цаашид баримтлах бодлого, чиглэлийн талаарх ойлголтод ихээхэн өөрчлөлт гарч байна. Тиймээс нийгэм эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хариу арга хэмжээний бэлэн байдлаа хангах, учирч болох эрсдэлийг бууруулах цорын ганц арга зам бол байгаль орчин, амьтан, хүний эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх явдал юм. Иймээс бүс нутгийн төдийгүй дэлхий нийтээр хамтран мэдээллээ солилцож хариу арга хэмжээний бэлэн байдлаа хангаж, салбар хоорондын уялдаа холбоогоо сайжруулах нь чухал юм.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд “Зоонозын халдварын тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Америкийн нэгдсэн улс, Казакстан улсын мэргэжлийн байгууллагын судлаач эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнг нэгтгэсэн нийт 48 бүтээл ирүүлснээс 16 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлж байна.
Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол улс, Оросын Холбооны улс, Бүгд Найрамдах Хятад ард улс, Казакстан улс, Швейцарын Холбооны улс зэрэг орнуудын зоонозын гаралтай халдварт өвчний мэргэжлийн байгууллагын 110 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.
Нийтэлсэн огноо: 2023.06.23