Онцлох
Зүүн болон говийн бүсийн аймгуудад “НЭГ ЭРҮҮЛ МЭНД – ЗООНОЗ” дадлага, сургуулилалт зохион байгуулж байна
1428

Хэнтий аймгийн Чингис хотноо 2023.10.25-26-ны өдрүүдэд зүүн болон говийн бүсийн аймгуудад “НЭГ ЭРҮҮЛ МЭНД – ЗООНОЗ” дадлага, сургуулилалт зохион байгуулж байна.

Энэхүү дадлага сургуулилалтаар зоонозын гаралтай хүний өвчлөлийн төлөв байдал, мал амьтны эрүүл мэнд, нэг эрүүл мэнд үзэл баримтлалын хүрээнд  хэрхэн хамтарч ажиллах талаар мэдээлэл, санал солилцон, ширээний дадлага, сургуулилалт хийж байна.

Шинэ болон сэргэн тархах халдварууд ихэсч хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, даяаршлын нөлөөгөөр олон орныг хамарсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд хүргэсэн цар тахлууд гарах нөхцөл болж байна. Үүний тод жишээ нь Ковид-19 цар тахал бидэнд харуулсан. Цар тахлыг дэлхий нийт асар их хохирол, өндөр зардлаар даван туулсан ч нэг эрүүл мэнд үзэл баримтлалын хүрээнд салбар хоорондын төдийгүй дэлхий нийтээрээ хамтран тэмцэхийн чухлыг ойлгож энэ чиглэлд олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Нэг эрүүл мэнд үзэл баримтлал нь хүн, амьтны эрүүл мэнд, экосистемийн нөхцөл, хүрээлэн буй орчныг тогтвортой тэнцвэржүүлж, оновчтой болгох замаар сайн сайхан байдлыг дэмжих, эрүүл мэнд, экосистемд учирч буй аюул заналхийллийг даван туулахад олон салбарууд хамтран ажиллах боломжийг бий болгохыг зорьдог.

Ковид-19 цар тахлын сургамжаас бид Нэг эрүүл мэнд үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлыг шинэ шатанд гаргаж эрчимжүүлэх шаардлагатайг бүгд ойлгож ажил хэрэг болгохоор ажиллаж байгаагийн нэг нь энэхүү дадлага, сургуулилалт юм. Энэ сургалтын дараа бид илүү нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Дадлага сургуулилалтад ЭМЯ, БОАЖЯ, Хэнтий аймгийн ЭМГ, ЗӨСҮТ, МЭЕГ, ШУА-ийн биологийн хүрээлэн, УМЭАЦТЛ, ХӨСҮТ, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн ОБЕГ, МЭГ, ЭМГ, ЗӨСТ, НЭ зэрэг 13 байгууллагын 60 гаруй мэргэжилтэн оролцож байна.

Нийтэлсэн огноо: 2023.10.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter