Үйл ажиллагаа
Сургалт зохион байгууллаа
326

Хүнд нохой, муураас дамжин халдварладаг зонхилон тохиолдох 40 гаруй өвчин байдаг. Монгол Улсад хамгийн өндөр эрсдэлтэй нь галзуу болон бэтэг өвчин байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын эзэнгүй буюу золбин нохдоос хүнд халдварладаг 5 төрлийн хорхойг илрүүлсэн ба 8 нохойн нэг нь бэтэг өвчний халдвартай байгааг тогтоосон. Монгол Улсын хэмжээнд  жилд 6900 хүн, Улаанбаатар хотын хэмжээнд 3000 хүн галзуу сэжигтэй мал амьтанд уруулж, ноцуулж, хазуулж, шүлсдүүлсний улмаас галзуугийн вакцинд хамрагдсан байдаг. Эдгээрийн 36.5 хувь нь 0-16 насны хүүхдүүд байгаа нь иргэдийн ялангуяа хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг зөрчиж байна.

Нийслэлийн Засаг даргын “Орчны аюулгүй байдлыг хангах, арга хэмжээ зохион байгуулах тухай” А/24 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа эзэнгүй нохой, муурыг барьж түр саатуулах байранд хүргэх нэгдсэн арга хэмжээ 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь нохой, муурыг барих ажилд оролцож буй мэргэжилтнүүдэд зоонозын халдвараас сэргийлэх болон халдвар хамгааллын дэглэм, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд заавар зөвлөмж, сургалтыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн 300 гаруй хүнд зохион байгуулж ажиллалаа.

 

Нийтэлсэн огноо: 2024.01.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter