Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хамтын ажиллагааны хүрээнд ”Тарваган тахал өвчний хил дамнасан байгалийн голомт Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр” 2023-2025 онд хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Тарваган тахал болон бусад байгалийн голомтот халдваруудын эпизоотологи, эпизоот, лабораторийн оношилгооны тулгамдсан асуудлууд” сэдэвт мэргэжил дээшлүүлэх онол, дадлага хосолсон сургалтыг Оросын Холбооны Улсын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хамт 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий, Завхан, Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор, Ховд, Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдийн нийт 10 амьтан судлагч, паразитологич нарыг хамрууллаа.
Тус сургалтад хамрагдсанаар тарваган тахлын хүний өвчлөл, эпизоотологи, байгалийн голомт, агуулагч, дамжуулагч амьтдын зүйлийн бүрдэл, онцлог сэдвүүдээр лекц, семинар, дадлага ажилд хамрагдаж, мэдлэгээ бататгасан, туршлага судалсан үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.
Мөн уг 2 төвийн хүрээнд 2025 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, хамтын ажиллагааны чиглэлийг тогтоолоо.
Нийтэлсэн огноо: 2024.11.27