Зоонозын өвчин судлалын төвөөс санаачлан, орон нутгийн Зоонозын өвчин судлалын төвийн (ЗӨСТ) мэргэжилтнүүд болон Мал эмнэлгийн ерөнхий газрын (МЭЕГ) холбогдох мэргэжилтнүүдийг хамруулсан “Орон зайн мэдээллийн програмын гүнзгийрүүлсэн түвшний сургалт” эхэллээ.
Энэхүү сургалт нь орон зайн мэдээллийн системийн хэрэглээг мэргэжилтнүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, тархац судалгаа, эрсдэлийн үнэлгээ, өвчний тандалт, хяналт шинжилгээний ажлыг сайжруулах зорилготой юм.
Сургалтаар орон зайн өгөгдлийг боловсруулах, зураглал гаргах, мэдээлэл шинжилгээ хийх болон өгөгдөл солилцох дэвшилтэт арга зүйг дадлагажуулан эзэмшүүлэхээр төлөвлөсөн. Мөн бодит жишээн дээр тулгуурласан дасгал, хэрэглээний хичээлүүд орж байгаа бөгөөд оролцогчид орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, судалгаанд ашиглах мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжтой юм.
Сургалтын үйл ажиллагаа үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд эхний шатанд суурь мэдлэг олгох сургалтуудыг хийж, энэ удаад гүнзгийрүүлсэн түвшинд шилжиж байна.
Ингэснээр ЗӨСТ болон МЭЕГ-ын мэргэжилтнүүд орон зайн өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, эрсдэлийн үнэлгээг илүү нарийн тооцоолох, тархац судалгааны дүнг бодит мэдээлэлд тулгуурлан боловсруулах чадавхтай болох юм.

Нийтэлсэн огноо: 2025.10.29




