ДЭМБ-ын Мал эмнэлэгийн нийтийн эрүүл мэнд, дамжуулагчаар дамждаг өвчнүүд, байгаль орчны хяналт, Анзаарагддаггүй өвчнүүдийг хариуцсан нэгжийн мэргэжилтэн Раман Велайудхан (Raman Velayudhan), ДЭМБ-ын стратеги, төлөвлөлт, зохион байгуулалтын удирдлагын нэгжийн мэргэжилтэн Висмита Гупта-Смит (Vismita Gupta-Smith) нар денгийн чичрэг өвчний талаар ярилцсан ярилцлагын товч агуулгыг хүргэж байна.
Денгийн чичрэг нь Aedes төрлийн шумууланд хазуулах үед дамжин халдварладаг вирусийн гаралтай халдвар юм. Ихэнх тохиолдолд бие өвдөх, толгой өвдөх, тууралт гарах зэрэг хөнгөн шинж тэмдгүүд илэрч, хэдэн долоо хоногийн дотор эдгэрдэг.
Гэвч ойролцоогоор өвчлөгсдийн 5% орчим нь хүнд хэлбэрт шилжиж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болдог. Хүнд хэлбэрийн өвчлөл нь бөөлжих, буйлнаас цус гарах, судаснаас сийвэн шүүрэх, заримдаа эрхтний дутагдал үүсэх зэрэг шинж илэрдэг. Ийм тохиолдолд амь насыг аврахын тулд заавал эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.
Ихэнх өвчтөн эдгэрдэг ч эмнэлэгт хожуу хандаснаар нас барах эрсдэлтэй. Денгийн чичрэг нь хүнээс хүнд шууд дамжин халдварладаггүй, харин халдвартай шумуул хазсанаар халдварладаг.
Хүмүүс өөрсдөө шумуул үржих орчин ялангуяа усны буруу хадгалалттай холбоотойгоор шумуул үржих боломжийг нэмэгдүүлдэг. Энэ нь шумуулыг дасан зохицож, шинэ бүс нутаг, шинэ улс орнуудад тархах нөхцлийг бүрдүүлж байна. Өнөөдөр дэлхийн 100 гаруй орон денгийн чичрэгийн эндемик (голомтот) бүс болж, ойролцоогоор 4 тэрбум хүн халдвар авах эрсдэлд байна.
Аedes төрлийн шумуул нь шинэ орчинд маш сайн дасан зохицож чаддаг тул уур амьсгалын нөхцөл тохирсон газруудад тасралтгүй тархсаар байна.
Одоогоор денгийн чичрэгийг бүрэн эмчлэх тусгай эм байхгүй. Ихэнх тохиолдолд гэрээр эмчилж, халууралт болон үе мөчний өвдөлтийг намдаах зорилгоор эм өгдөг. Өвчилсөн үед парацетамол хэрэглэхийг зөвлөдөг бол цус алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг учир ибупрофен болон аспириныг хэрэглэхийг хориглодог.
Өнөөгийн байдлаар зөвхөн нэг вакцин албан ёсоор зөвшөөрөгдсөн бөгөөд өндөр тархалттай бүс нутагт 6–16 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөдөг.
Мөн оношилгооны шинэ иж бүрдэл, эмийн судалгаа, шумуулын хяналтын шинэ арга хэрэгслүүд хөгжиж байгаа бөгөөд судалгааны үр дүн нийтлэгдэхийн хэрээр ашиглагдах болно. Одоогоор бид шумуулын уламжлалт хяналтын аргуудыг ашиглаж байна.
Энэ халдварыг хянахад хэцүү байдгийн шалтгаан нь:
Нэгдүгээрт, энэ төрлийн шумуул нь хот суурин газарт маш сайн дасан зохицсон.
Хоёрдугаарт, өндөг нь хэдэн сар хуурай байж байгаад ус хүрмэгц хагарч, хөгждөг.
Гуравдугаарт, тохиромжтой нөхцөл бүрдсэн хот, хот орчмын шинэ бүсүүдэд тасралтгүй тархаж байгаагаар тайлбарлаж болох юм.
Денгийн чичрэгийг дамжуулагч шумуул өдрийн цагаар хаздаг тул бид хувийн хамгаалалтыг сайн хийх хэрэгтэй. Ажилдаа явахын өмнө, хүүхдүүдийг сургуульд явуулахын өмнө шумуул үргээгч хэрэглэх нь чухал.
Мөн гэр орчимдоо шумуул үржихээс сэргийлэх, ус хадгалах савнуудыг таглах, денгийн чичрэгтэй өвчтөн болон өдрийн цагаар унтдаг хүмүүс шумуулын тор хэрэглэх нь зүйтэй.
Эх сурвалж: https://www.who.int/podcasts/episode/science-in-5/episode–115—dengue-fever#
Нийтэлсэн огноо: 2026.02.10




