Цаг үеийн
ЗӨСҮТ олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
94

Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хот дахь Хорио цээр, хяналтын Академитай 2007 оноос эхлэн хил орчмын бүс нутгийн зоонозын өвчний хяналт, тандалт, судалгааны чиглэлээр тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн.
Энэ удаад хоёр улсын гурван байгууллагын хамтарсан төлөвлөгөөг боловсруулж, зоонозын өвчний тандалт, судалгааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд ЗӨСҮТ-ийн Захиргааны албаны дарга У.Нямжаргал, Нийгмийн эрүүл мэнд, тандалт шуурхай удирдлагын албаны дарга Х.Ариунболд, Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Б.Гантулга нар оролцож байгууллагын гадаад хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, зорилтыг тодорхойлох чухал алхам боллоо.
Энэ үеэр ЗӨСҮТ-ийн Захиргааны албаны дарга У.Нямжаргал “Тарваган тахал нь нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй халдвар хэвээр байгаа бөгөөд Монгол Улс Төв Азийн байгалийн голомтын томоохон бүсэд хамаарч, сүүлийн жилүүдэд өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. ЗӨСҮТ нь БНХАУ-ын Бээжин хот дахь Хорио цээр, хяналтын Академитай 2007 оноос хамтран ажиллаж, хил орчмын тандалт судалгаа, лабораторийн чадавхыг бэхжүүлэн олон халдварын ПГУ шинжилгээг амжилттай нэвтрүүлсэн. Цаашид хоёр тал хамтарсан судалгаа, мэдээлэл солилцоог өргөжүүлж, хил дамнасан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр зорьж байна.” гэдгийг онцоллоо.
Цаашид талууд хил дамнасан зоонозын өвчний эрсдэлийг бууруулах, тандалт судалгааг улам нарийвчлан хөгжүүлэх, мэдээлэл солилцоог эрчимжүүлэх замаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тохиролцлоо. Энэхүү хамтын ажиллагаа нь бүс нутгийн хэмжээнд нийтийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Нийтлэгдсэн огноо: 2026.05.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter