ТОКСОПЛАЗМОЗ (Toxoplasmosis А58)
Коксод эгэл биетнээр үүсгэгддэг өвчин. Халдвар ихэвчлэн шинж тэмдэггүй явагдана. Үүсгэгч Toxoplasma gondii нь эс доторхи 4-7 мкм хэмжээтэй шимэгч паразит.
Тархалт:
Дэлхий дахинд:
Дэлхий даяар тархсан. Өмнөд болон хойд Америк, зүүн өмнөд Ази (Хятад, Солонгос), Европ (Англи, Ирланд, Португал, Франц, Испани), шинэ Зеландад тархсан.
Монголд:
Манай орны хувьд өнөөдрийн байдлаар буюу 2017 оны эхний хагас жилд токсодлазмоз өвчний хүний өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч 2012 онд хийгдсэн тандалт судалгааны явцад Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг 9 аймгийн 26 сум, Нийслэлийн 4 дүүргийн хүн амаас 703 хүнээс цусны ийлдэс цуглуулж, ЗӨСҮТ-д фермент холбоот болон шууд бус дархан туяарах урвалаар шинжлэхэд Архангай, Говь-Алтай, Дундговь аймгийн 4 хүний цусны ийлдсэнд токсоплазмоз өвчний үүсгэгчийн эсрэг бие IgM, IgG тодорхойлогдож, халдварт өртсөн болохыг тогтоон ажилласан байна.
2009 онд Сэлэнгэ аймгийн нутгаас цуглуулсан 19 цусны шинжлэгдэхүүн, Дорнод аймгийн Халхгол сумын нутгаас цуглуулсан 25 бор хархны цусны шинжлэгдэхүүнийг иммуно-ферментийн аргаар шинжлэхэд үр дүн сөрөг гарсан.
2015 онд Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Увс, Төв, Ховд, Улаанбаатараас цуглуулсан нийт 218 хүний цусны ийлдсийг ЗӨСҮТ-д ДТУ, ФХУ-аар шинжлэхэд токсоплазмозын эерэг сорьц илрээгүй гэсэн дүн мэдээтэй байна.
2016 онд ЗӨСҮТ-д хийгдсэн тандалт судалгаагаар 195 сорьц цуглуулан шинжлэхэд Дундговь аймгийн Эрдэнэдалай, Баян-Өлгий аймгийн Буянт, Өмнөговь аймгийн Гурвантэс, Нийслэлийн Өлзийт тосгон зэрэг газраас эерэг сорьц илэрчээ.