Зоонозын өвчнүүд
Шувууны томуу
5666

Avian influenza

ОУА-J09

Өвчний тодорхойлолт:

Халуурах, толгой өвдөх, булчин шархирах, ядрах, хоолой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдгээр илэрдэг вирүсийн гаралтай, амьсгалын замын халдварт өвчин юм. Ханиалгах нь илүү хүнд явцтай, удаан үргэлжлэх хандлагатай. Бусад шинж тэмдэг нь ихэнх тохиолдолд 2-7 хоногийн дотор өөрөө илааршдаг. Алаг цоог өвчлөлийг нь вирүс судлалын шинжилгээгээр л баталгаажуулах боломжтой бөгөөд дэгдэлт болж буйг голдуу эпидемиологийн төрхөөр нь л тодорхойлдог. Тиймээс томууг эмнэлзүйн төрхөөр нь амьсгалын замын вирүст бусад цочмог халдвараас ялгахад төвөгтэй. Томуугийн жил бүрийн дэгдэлтийн үед гарах эндэгдэл нь өндөр настан, зүрх, уушги, бөөр, бодисын солилцооны архаг хууч өвчтэй, дархлааны дуталтай хүмүүст голчлон тохиолддог.

Үүсгэгч:

Томуугийн вирүсийн A,B,C гэсэн гурван хэвшинжийн томуугийн вирүс байдаг. Томуугийн А хэвшинжийн вирүсийн 16 дэд байдаг боловч хүнд зөвхөн 2 дэд хэвшинж нь хүнд тахалт тархалт үүсгэдэг. Томуугийн В хэвшинж нь бүс нутгийн буюу нутгийн шинжтэй дэгдэлт үүсгэдэг бол, С хэвшинж нь голдуу багахан хэмжээний дэгдэлт үүсгэдэг. Томуугийн вирүсийн гүний хоёр уураг болох нуклеопротейн болон матрикс уургийн эсрэгтөрөгчийн төрхөөр нь вирүсийн хэвшинжийг тодорхойлдог.

Зураг1. Томуугийн вирүс, бактер

Тархалт:

Жил бүр томуугийн эпидеми нь ихэвчлэн голдуу томуугийн А хэвшинжийн вирүсээр сэдээгддэг бол цөөнхөн тохиолдолд В хэвшинжийн виүрүсээр сэдээгддэг. Сэрүүн бүсийн орнуудад томуугийн жил бүрийн эпидеми нь дийлэнхидээ хүйтний улиралд гардаг бол дулаан бүсийн орнуудад борооны улиралд ажиглагдах хандлагатай боловч аль ч улиралд гардаг онцлогтой. Томуугийн А хэвшинжийн вирүс нь хүн болон зарим зэрлэг хийгээд тэжээвэр шувуудын зүйл хооронд дамжин тархаж, шинэ ре-ассортант вирүс үүсгэж болдог. 

Резервуар:

Халдвар хадгалагч нь хүн юм. Усны шувууд, гахай зэрэг хөхтөн амьтад нь томуугийн хүнд дамжин тархаж болох шинэ хувилбар үүсгэх гол резервуар юм.

Халдвар дамжих зам:

Агаар дуслын болон шууд хавьтлын замаар хурдан тархдаг. Хүний томуугийн вирүс нь гадаад орчинд, ялангуяа чийгшил багатай агаар бүхий хүйтэн орчинд хэдэн цагаар ч үржих чадвараа хадгална. Тэжээвэр шувууд нь зэрлэг шувуудтай тэжээл, ус бэлчээрээр шууд харьцаж байдаг нь нүүдлийн шувуудаас тэжээвэр шувууд, мал, амьтдад улмаар хүнд томуугийн халдвар дамжих магадлалтай.

Зураг2. Халдвар дамжих зам

Нууц үе:

Ихэвчлэн  1-3 хоног. 

Халдвартай байх үе:  

Халдвар авсан өдрөөс эхлэн, насанд хүрэгсэдэд 3-5 хоног, бага насны хүүхдэд 7 хоног хүртэл.

Мэдрэг хүн ам:

Эпидемийн үед бол өвчлөлд хүн амын давхрага харилцан адилгүй хамрагддаг. Ихэнх тохиолдолд томуугийн эпипдеми үүсгэгч вирүстэй төстэй омогтой урьд нь учирч байсан магадлал өндөртэй насанд хүрэгсэд, ахмад насныхан өвчлөлд бага хамрагдаж, хүүхдүүд, ялангуяа сургуулийн насны хүүхдүүд өвчлөлд илүүтэй өртдөг байна.

Эмнэлзүй:

Шувууны томуугийн эмнэлзүйн үндсэн шинж тэмдэг нь гэнэт өндөр халуурах, биеийн халуун нь 38 хэмээс дээш  байх, ханиах, хоолой, үе мөч булчин, шархирч өвдөх, нүд үрэвсэх, амьсгалын замын багтраа үүсдэг учир амьсгалын дутагдалд орох, амьсгал давчдах ба амьсгаадах, амьсгалын дистресс хам шинж илэрнэ.

Ялган оношлогоо:

Шувуудын залаа, сахалд цус зогсонгитолтой гэнэтийн үхэл өндөртэй эмгэг үүсгэдэг тул HPAI-аас ялган оношлох шаардлагатай. Үүнд: Цочмогдуу Ньюкастлын өвчин, Тахианы халдварт ларинготрахеит, Нугасны тахал, Цочимог хордлого, Тахины холер (пастереллиоз), Шувууны залаа, сахлын бактерт целлюлитээс ялган оношилно. HPAI-ийн хөнгөвтөр өвчлөл нь эмнэлзүйгээр ялган оношлоход бүр ч төвөгтэй. Иймээс лабораторийн шинжилгээ түргэн хийж, онош тодруулах нь шувууны томуугийн халдвартай тэмцэр арга хэмжээг зохион байгуулахад чухал ач холбогдолтой.

Сорьц цуглуулах:     

Сорьцуудад шувууны томуугийн вирүсын PHX-ийг ПГУ-аар илрүүлэх, оношийг баталгаажуулахад оршино. Сорьц цуглуулахдаа амьсгалын дээд замаас, хамар залгиур зайлсан шингэнээс, хамар залгиурын арчдас, амьсгалын доод замаас шинж лэгдэхүүн авна.

Зураг3. Сорьцтой ажиллах явц

Амьсгалын дээд замаас шинжлэгдэхүүн авах:

Өвчтөн, сэжигтэй, магадлал өндөртэй тохиолдлоос амьсгалын дээд замаас шинжлэгдэхүүнийг өвчтөнд эмчилгээ эхлэхээс өмнө авна.

Хамар залгиур зайлсан шингэнээс шинжлэгдэхүүн авах:

Өвчтөнг суулгаж толгойг бага зэрэг хойш нь гэдийлгэнэ. Зөөлөн гуурсыг хамрын нүх рүү тагнайтай зэрэгцээ байдлаар оруулж (PH 7.1+1.5) 0.85%ийн 2-3 мл давсны уусмалыг тариураар гуурс руу хийж зайлан соруулж авна.  Энэ аргаар хамрын нөгөө нүхийг зайлж 1-2 мл угаасан шингэнийг ариун шилэнд цуглуулж авна. Шинжлэгдэхүүнийг хөлдөөж тусгай зориулалтын саванд хийж зөөвөрлөнө.

Хамар, ам залгиурын арчдас авах:

Хамар, залгиурын арчдас авахдаа бамбарыг тагнайтай зэрэгцээ байдлаар байрлуулж, шүүрлийг шингээхийн тулд хэдэн секунд байлгана. Арчдасыг хамрын хоёр нүхнээс хоёулангаас нь тус тусад нь бамбараар авна. Ам залгиурын арчдас авах: залгиур хоолой, гүйлсэн булчирхайн арын хананаас хэлэнд хүргэлгүй арчдас авч триптон глюкоз, глицеролын 2 мл агуулсан ариун саванд хийнэ. Арчдас авсан бамбарын ишийг хугалж, таглааг сайтар бөглөнө. Хөлдөөсөн байдлаар хадгалж зөөвөрлөнө.

Амьсгалын доод замаас шинжлэгдэхүүн авах:

Гуурсан хоолой, цулцангийн лаваж, цагаан мөгөөрсөн хоолойн аспираци, гялтангийн хөндийд хурсан шингэнээс авна. Эдгээр шинжлэгдэхүүнийг формалинд бэхжүүлээд, үлдсэн хэсгийг  давхар тагтай ариун шилэнд хийнэ. Хөлдөөсөн байдлаар зөөнө.

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх

Өвчтэй болон өвчний сэжигтэй хүнээс хамрын арчдас, хоолойн арчдас, хамар хоолойн арчдас, хамар залгиурын агуудас, хамар угаасан шингэн, ам хоолой угаасан шингэн, цус, эмгэг судлалын сорьцуудыг авна. Амьтнаас арчдас, цус, эрхтний сорьц авна. Гадаад орчноос сангас, ус  лаг цуглуулж авна. Шинжилгээнд дээжилсэн сорьцыг ийлдэс судлалын шинжилгээ /ДТУ/, хурдавчилсан тест, вирүс өсгөвөрлөх шинжилгээгээр шинжилнэ.

Эмчилгээ:

Томуугийн вирүсийн нейраминидазын саатуулуур эм Oseltamivir, Tamiflu томуугийн А болон В вирүсийн халдварын эмчилгээ үр дүнтэй. 

Халдварын хяналт:

a) Сэргийлэх арга хэмжээ

  1. Шувууны томуу, шувууны томуугийн хүний өвчлөлтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээнд засаг захиргаа, хууль хяналт, эрүүл мэнд, мал эмнэлгийн байгууллага болон хүн амын хамтын ажиллагааг зохион байгуулна.
  2. Шувууны томуу, шувууны томуугийн хзний өвчлөл, сэжигтэй тохиолдол илэрсн үед авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, орон нутгийн холбогдох байгууллагын хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулна.
  3. Галуу, нугас, тахиа, гахай зэрэг аж ахуй эрхэлдэг болон эдгээр амьтдын түүхий эдтэй харьцдаг өртөмхий бүлгийн хүн амын шувууны томуу өвчний талаар мэдлэг, дадлага хандлагыг дээшлүүлнэ.
  4. Олон улсын онгоцны буудал, хилийн боомтонд нисэх онгоц буулгах, галт тэрэг авто хөсгийг тусгаарлан зогсоох хяналтын талбайг байгуулна.

б) Халдвар хамгааллын арга хэмжээ

  1. Мэдээлэх: Орон нутгийн эрүүл мэндийн албанд мэдээлнэ. Дэгдэлтийг илрүүлэх, вирүс ялгасан тохиолдлыг тусгайлан лабораториор баталгаажуулсан тохиодлдолыг тусгайлан мэдээлнэ.
  2. Тусгаарлах: Эпидемийн үед бол өвчтөнийг тусгаарлах нь зүйтэй.
  3. Явцын халваргүйтгэл: Шаардлагагүй.
  4. Хөл хорио: Шаардлагагүй.
  5. Хавьтлыг дархлаажуулах: А вирүст томуугаар өвчлөгсөдтэй хавьтагсадад амантадин буюу римантацадинаар хими сэргийлэлт хийх үр дүнтэй болох нь батлагдсан. Нейраминидазын саатуулуурыг бол А болон В аль ч вирүсийн халдварын үед хими-сэргийлэлт болгон хэрэглэж болно.
  6. Хавьтал болон халдварын эх уурхайг тандах: Үр дүн муутай.
  7. Өвөрмөц эмчилгээ:

в) Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ

  1. Жил бүр томуугийн улирлыг угтуулан эрүүл мэндийн сургалт сурталчилгааг тогтмолжуулж, эрсдэл өндөртэй хүн амын бүлгүүд болон тэднийг асран сувилагчдыг жил бүр дархлаажуулах нэн шаардлагатай. Мөн эпидемийн явцыг хүн амд тогмтол мэдээлж байх нь чухал ач холбогдолтой.
  2. Томуугийн дэгдэлтийн үед эмнэлгийн ачаалал нэмэгдэх хэрээр эмч, эмнэлгийн ажиллагсад өөрсдөө өвчлөх нь ихэсч үйл ажиллагааны доголдол үүсэх эрсдэл ихэсдэг тул сэргийлэх үндсэн арга бол эрүүл мэндийн байгууллагын ажиллагсадыг жил бүр томуугийн эсрэг дархлаажуулах явдал юм.
  3. Томуугийн эсрэг хими заслын бэлдмэл нөөцлөх шаардлагатай.

г) Гамшгийн үеийн арга хэмжээ

  1. Гамшигт нэрвэгдсэн хүн ам томуугийн эпидемд илүү нэрвэгдэнэ гэдгийг тооцоолсон байх хэрэгтэй.

д) Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ

Томуу нь ДЭМБ-ын тандалтанд байдаг өвчин. Иймээс:

  1. Томуугийн тандалтын мэдээ, тархалтын эпидемийн байдлыг ДЭМБ-д (htt://www.who.int/flunet хаягаар) тогтмол мэдээлэх,
  2. Томуугийн үүсгэгчийн лабораторийн тандалт хэрэгжүүлж, дүнг ДЭМБ-д дээрх хаягаар мөн тогмтол мэдээлж байх, ялгасан томуугийн вирүүсүүдийн төлөөлөл болох омгуудыг ДЭМБ-ын Атланта, Лондон, Мельбурн, Токио дахь ДЭМБ-ын Томуугийн лавлагаа төвүүдийн аль нэгэнд илгээж байх (хаягуудыг htt://www.who.int/csr/disese/influenza/centeres/en/index.html веб сайтаас тодруулах)
  3. Томуугийн эпидемиологийн тандалт лабораторийн шинжилгээний дүнг үндэсний эрүүл мэндийн албанд яаралтай мэдээлж байх
  4. Томуугийн эсрэг вакцин, хими заслын бэлдмэлийн хэрэгцээг яаралтай үйлдвэрлэх буюу худалдан авах улсын болон хувийн хангамжийн тогтолцоо бүрдүүлэх, эрсдэл өндөртэй хүн ам болон нийгмийн үйлчилгээний нэн чухал бүлгүүдийг томуугийн эсрэг дархлаажуулах, томуугийн эсрэг хими заслын бэлдмэлээр сэргийлэлт хийх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай.
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter