Цаг үеийн
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэлээ
1113

Жил бүрийн 11 дүгээр сарын 4 дэх долоо хоногт шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хамт олон эрдэм шинжлэх ухааны ажилтны өдрийн хүрээнд тухайн жилд шинжилгээ, судалгааны чиглэлээр хийгдсэн ажил үйлээ дүгнэж, ахмад эрдэмтдийнхээ сургаал, зөвлөмжийг сонсож, дараа жилийн зорилго, зорилтоо тодорхойлдог уламжлалтай.

Энэ жилийн хувьд Зоонозын өвчин судлалын байгууллагуудын бахархал, нэрийн хуудас болсон нэрт эрдэмтэн анагаах ухааны доктор, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч З.Адъяасүрэнгийн хөдөлмөр, алдарыг тэмдэглэн хүндэтгэл үзүүллээ.

АУ-ын доктор З.Адъяасүрэн нь зоонозын өвчин судлалын байгууллагад 37 жил ажиллахдаа зоонозын шалтгаант хүний өвчлөлийн голомтуудыг цомхотгон дарахад гар бие оролцон ажиллаж, гоц аюулт халдварт өвчнөөс ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд залуу нас, эрдэм ухааны зориулсан ахмад эрдэмтэн билээ. Мөн 100 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлж, нийтлүүлсэн байна.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ЗӨСҮТ-ийн үе үеийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдээс гадна АУ-ны доктор З.Адъяасүрэнгийн гэр бүл, шавь нар оролцож сэтгэлийн үг, дурсамж, талархлаа илэрхийллээ.

Жил бүр тус өдрөөр зоонозын өвчин судлалын салбараас төрөн гарсан ууган эрдэмтэн АУ-ны доктор Д.Батсүх асанын нэрэмжит  шагналыг “Доктор Д.Батсүх” сангаас зоонозын өвчнөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд олон жил бүтээлтэй ажилласан мэргэжилтнүүд болон залуу судлаачдад олгодог бөгөөд энэ удаагийн шагналыг олон жилийн турш үр бүтээлтэй ажилласан сувилагч Д.Янжиндолгорт тэтгэмж болгон олголоо.

Нийтлэгдсэн огноо: 2018.11.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter