Онцлох
“Зоонозын өвчний тархалт, оношилгооны орчин үеийн аргууд болон биохамгааллын асуудлууд”олон улсын  семинарт оролцож байна
3006

Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь ХБНГУ-ын Бундесвехрийн микробиологийн хүрээлэнтэй 2018 онд шинэчлэн байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Герман-Төв Азийн хамтын ажиллагаатай орнуудын “Зоонозын өвчний тархалт, оношилгооны орчин үеийн аргууд болон биохамгааллын асуудлууд” олон улсын семинарыг 2019 онд Тажикистан, Казахстан, Монгол улсад зохион байгуулахаар тохиролцсон юм. Энэхүү цуврал  явуулын хурал-семинарыг Тажикистан, Казахстан улсад 2019 оны 04-р сарын 10-18-нд  ХБНГУ-ын Бундесвехрийн микробиологийн хүрээлэн, Роберт Кохын хүрээлэнгээс хамтран зохион байгуулж байна.

Тус хурал-семинар нь Төв Азийн зарим улс орон, Герман улсын мэргэжлийн байгууллагуудын зоонозын өвчний тархалт, оношилгоо, судалгаа шинжилгээ, биоаюулгүй ажиллагааны асуудлыг хэлэлцэн харилцан туршлага солилцож хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэх, цаашид хамтран ажиллах чиглэлийг тогтоох зорилготой юм.

Тажикистан улсад зохион байгуулсан хурал-семинар 04-р сарын 11-12-нд тус улсын анагаахын их сургууль дээр болж нээлтийн ажиллагаанд ХБНГУ-аас тус улсад суугаа элчин сайд, сургуулийн сургалт эрдэм шинжигээ хариуцсан дэд захирал нар оролцлоо.

Хурал-семинарт Тажикистан улсын хүн, мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагууд, тарваган тахлын төв, нийгмийн эрүүл мэндийн төв, анагаах ухааны академи, Казахстан улсын Зоонозын болон хөл хориот өвчний эрдэм шинжилгээний төв, эрүүл ахуй-халдвар судлалын шинжээч-хяналтын төв, Монгол улсын ЗӨСҮТ  зэрэг байгууллагын мэргэжилтнүүд оролцон танилцуулга, илтгэл хэлэлцүүлэн санал солилцлоо.

ХБНГУ-ын талаас Бундесвехрийн микробиологийн хүрээлэн, Роберт Кохын хүрээлэнгээс 4 мэргэжилтэн зохион байгуулан ажиллаж байна.

Монголын төлөөлөгчид өөрийн орны зоонозын өвчний төлөв байдал, үндэсний төвийн танилцуулгыг хийж боом, хачигт риккетсиоз, хачигт боррелиоз өвчнүүдийг ханын илтгэлээр танилцуулан 3 улсын оролцогчидтой санал солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаао харилцан ярилцлаа.

Хурал-семинар 04-р сарын 16-17-нд Казахстан улсын Зоонозын болон хөл хориот өвчний эрдэм шинжилгээний төв дээр үргэлжлэн зохион байгуулагдаж мөн дээрх асуудлуудыг хэлэлцэх юм. Харин Монгол улсад 05 сарын 22-23-нд зохион байгуулагдана.

Нийтлэгдсэн огноо: 2019.04.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter