Таны мэдлэгт
Сарьсан багваахай
727

Сарьсан багваахайн тухай:

Сарьсан багваахай нь Chiroptera буюу гар далавчтаны багт хамаарагддаг шөнийн идэвхтэй хөхтөн амьтан юм. Сарьсан багваахайн сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн байдаг ба шөнийн харанхуйд зүг чигээ алдалгүй нисч, идэш тэжээлээ төвөггүй олдог. Тэрээр өөрөөсөө хэт нам дуу авиа гаргаж түүгээрээ баримжаалан тухайн орчны мэдээлэл, идэш тэжээл болон дайсан амьтнаа төвөггүй ялгаж салгадаг. Сарьсан багваахай нь сүрэглэн амьдарч янз бүрийн орчинд тархдаг ба зуны улиралд эм сарьсан багваахайнууд зулзгаа төрүүлэх  газраа олноор цуглардаг бол өвлийн улиралд ичээлэх газраа эр, эм залуу бодгалиуд цөм цугларч ичдэг.

Сарьсан багваахай нь Монгол улсын засгийн газрын ховор амьтны жагсаалт болон Монгол улсын улаан ном (1997, 2013)-д орсон хязгаарлагдмал тархацтай ховор амьтан юм. Тоо толгой нь цөөрвөл байгальдаа буцаад сэргэх боломжгүй байдаг.

Сарьсан багваахайг оролдохгүй бол хүнд ямар нэгэн гэм хоргүй.

Сарьсан багваахай шувуутай адил ҮҮР ЗАСДАГГҮЙ учраас агуй, модны хөндий юмуу зарим шувуу, хэрэмний зассан үүр эсхүл хүний бүтээн байгуулсан элдэв төрлийн барилга байгууламжид орогнодог. Тухайн орогнох газарт ямар нэгэн өвс ургамал, ноохой гэх мэт зүйл байдаггүй бөгөөд хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай орны сарьсан багваахайн ихэх нь дулаан орон руу нүүж цөөнх нь өвлийн улиралд ичээлж үлдэнэ.

Сарьсан багваахай нь байгаль дээр шөнөөр нисдэг шумуул, хүр эрвээхэй зэрэг шавжны тоо толгойг зохицуулахад гол үүргийг гүйцэтгэдэг. Сарьсан багваахай нэг цагийн дотор 1000 ширхэг шумуулын хэрийн биетэй шавжийг барьж иддэг.

Зоонозын халдварт өвчний холбогдол:

Сарьсан багваахай нь ГАЛЗУУ, ЭБОЛА, МАРГБУРГ, ХАНТАВИРУС, КОРОНАВИРУС, ЛАССА ЧИЧРЭГ  зэрэг өвчний вирусыг дамжуулж халдварт өвчин үүсгэх магадлалтай.

Тухайлбал, багваахай шөнийн идэвхтэй амьтан тул өдрийн цагаар унтаж байх үед нь гэнэт сэрээх, үргээхэд цочиж биеэ хамгаалах зорилгоор чанга дуу чимээ гаргах, далавчаа хүчтэй дэвэн дайрах, урд мөч болох хурц сарвуугаа ашиглан урах, маажих, цаашлаад хазаж гэмтээх зэрэг хариу үйлдэл үзүүлдэг. Хэрэв хазсан тохиолдолд дээрх өвчний халдвартай сарьсан багваахайн шүлс, шингэн хүний биеийн цусанд орж өвчин үүсгэх эрсдэлийг дагуулж байдаг.

Нийтлэгдсэн огноо: 2020.02.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter