Зөвлөгөө
Тагтаанаас болгоомжил
598

Тагтаа нь жилд 7-8 удаа, нэгээс хоёр өндөг гаргадаг ба өндөг нь 18-20 хоногийн дараа ангаахай болж, 35-37 хоногийн дараа бие гүйцэнэ.

Аливаа зүйл хэт олшрохоороо хор уршиг дагуулдаг нь байгалийн хууль. Тагтаа нь сүрэглэн амьдардаг ба нэг сүрэгт хэдэн зуу, мянгаараа байх нь бий. Идэш тэжээл олдоцтой, сайн байвал үржил нь хурдан явагдаж, зан төрх нь ч өөрчлөгддөг байна.

Сүүлийн жилүүдэд хүмүүс буян үйлдэх нэрийдлээр тагтаа хооллон, тоо толгойг нь хот сууринд хэт олшруулсаар байна.

Тагтаа хот суурин газар олширч, учруулах хор уршгаас сэргийлэх зорилгоор дэлхийн зарим улс оронд зориудаар хооллохыг хориглоод байна. 2014 оны сүүлээр Баянгол дүүргийн XVI хороонд (“Гандантэгчэнлин” хийд орчим) тагтаа хооллохыг хориглосон. Судлаачдын үзэж байгаагаар тагтааны биологийн процесс нь хүмүүсийн буруугаас генетикийн өөрчлөлтөд орж, байгальдаа амьдрах чадваргүй, маш хурдан үрждэг болсны зэрэгцээ арьс, гэдэс, амьсгалын замын халдварт өвчин тээх, тараах эрсдэлтэйг тогтоосон байдаг.

Тагтаанаас болгоомжлох шалтгаанууд:  

  1. Тагтаа нь 60 гаруй төрлийн нян, вирус тээгч бөгөөд энэ нь иргэд тэр дундаа хүүхэд, өндөр настанд аюултай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг
  2. Тагтааны ялгадас болох сангас болон арьс, өдөнд нь өвчин үүсгэх олон төрлийн шимэгч (хачиг, бүүрэг), нян, уураг агуулагддаг.
  3. Одоогоор тагтаанаас шууд дамждаг халдварт өвчин бүртгэгдээгүй ч шувууны томуу болон аливаа халдварт өвчин дэгдвэл хүнд маш богино хугацаанд халдвар тараах эрсдэлтэй.
  4. Тагтааны сангасд фосфорын хүчил болон бусад хүчиллэг бодис ихээр агуулдаг учир хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн, нүдний өвчин, янз бүрийн арьсны харшил үүсгэх эрсдэлтэй.
  5. Тоо толгой өссөнтэй холбоотойгоор хотын орчны бохирдол дээд цэгтээ хүрч (1 бүл тагтаа жилд 12-15 кг сангас ялгаруулдаг), соёлын өв болон хөшөө дурсгал, барилга байгууламжид сөргөөр нөлөөлөхөөс гадна олноор бөөгнөрөх тагтааны жин, ялгаруулж буй сангас нь нийлээд барилгын хана, таазыг сүйтгэх хэмжээнд хүрдэг.

Иргэд маань иймэрхүү асуудалд ухаалгаар хандан, эдгээр амьтныг байгалийн жамаараа амьдрах, өсөж үржихэд нь туслах зорилгоор тухайн амьтныг зүгээр орхиж, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах хэрэгтэй байна.

Тагтааг энх тайван, эрх чөлөө, аз жаргалын бэлгэ тэмдэг хэвээр үлдээхэд хүмүүс, бидний хичээл зүтгэл хэрэгтэй.

 

Нийтлэгдсэн огноо: 2020.03.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter