Global press хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлдэг “TBE book” номын 2019 оны 2 дахь хэвлэлд бид Монгол орны хачигт энцефалит өвчний талаарх бүлгийг анх удаа хэвлүүлсэн.
2020 оны 05-р сард тус номын 3 дахь хэвлэл онлайнаар www.tbenews.com сайтад байршлаа.
Бид (Tserennorov Damdindorj, Uyanga Baasandagva, Tsogbadrakh Nyamdorj, Burmaajav Badrakh) Chapter 12b: TBE by country бүлэгт 2018, 2019 оны хүний өвчлөлийн мэдээллийг нэмж оруулан шинэчилж, ‘’TBE in Mongolia’’ (хуудас 262-269) гарчигтай хэвлүүллээ.
Энэхүү ном нь хачигт энцефалит (TBE)-тэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ, судалгааг агуулсан цогц бүтээл юм. Дэлхийн улс орнуудын 94 судлаач, эрдэмтдийн хачигт энцефалит (TBE)-ийн талаар иж бүрэн бичсэн энэ номыг профессор, доктор Герхард Доблер, доктор Вилгелм Эрбер, доктор Майкл Брөкер, профессор, доктор Хайнц-Иосеф Шмитт нар редакторлосон.
Энэ удаагийн 3 дахь хэвлэлд дараах шинэчлэлтүүд хийгдсэн. Үүнд :
- Дэлхий дахины хачигт энцефалит (TBE) -ийн тохиолдлын хамгийн сүүлийн үеийн тоо баримтууд, улс орнуудын бүлэгт Их Британи шинээр нэмэгдсэн.
 - Улс орнуудад зориулсан ӨХСТ-ийн цахим эрсдлийн үнэлгээ
 - Хачигт энцефалитийн сүүлийн үеийн судалгааны үр дүн
 - Хачигт энцефалитийн эрсдлийн шинэчилсэн газрын зураг
 - Сүүлийн үеийн вакцинжуулалтын талаархи зөвлөмж, зохицуулах байгууллагын удирдамж
 
“TBE Book” номын 3 дахь хэвлэл нь Pfizer Inc-ийн санхүүжилтээр хэвлэгдсэн бөгөөд энэ оны өнгөрсөн сард харамсалтайгаар нас барсан Хачигт энцефалитийн анхны вакцины эцэг гэдгээрээ алдартай профессор Кристиан Кунцад зориулагдсан болно.
Энэхүү номыг ХЭВ-ийн халдвартай тэмцэж буй бүх хүмүүс ашиглах боломжтой байх болно.
Энэ номын 2 дахь хэвлэл ЗӨСҮТ-ийн номын санд байгаа ба харин 3 дахь хэвлэлийг www.tbenews.com сайтаас цахимаар үзэх боломжтой.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
Нийтлэгдсэн огноо: 2020.05.28
			



