Онцлох
Хөгжлийн хөтөлбөрийг танилцууллаа
4349

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачлагаар эрүүл мэндийн харьяа үндэсний төвүүд, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн 2020-2024 оны хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр буюу 2020 оны 09-р сарын 18-ны өдрийн ээлжит цаг дээр ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Н.Цогбадрах зоонозын салбарын 2021-2024 оны хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа.
Дэлхий дахинд тархаж буй нийт халдварт өвчний 60 хувийг зоонозын халдварт өвчин эзэлж байна. Мөн шинээр бүртгэгдэж буй 5 өвчин тутмын 3 нь зоонозын гаралтай халдварт өвчин байна. Сүүлийн 10 жилийн судалгаагаар манай улсын хэмжээнд тарваган тахлаар нийт 17 хүн өвчилж, 6 хүн нас барсан. Мөн галзуу өвчний эрсдэлд 1,326 хүн өртөж, 4 хүн нас барсан бол боом өвчнөөр 105 хүн өвчилж, 9 хүн нас барсан байна. Дээрх өвчлөл нас баралтын тоо, халдварын эрсдэлийг ирэх дөрвөн жилд үе шаттайгаар бууруулахын тулд зоонозын салбарт дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах танилцууллаа.
Зоонозын салбарын хөгжлийн хөтөлбөрийг эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааг хангах, мэргэжлийн ур чадваруудыг нэмэгдүүлэх замаар мэргэшсэн, тогтвортой хүний нөөцийг бүрдүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, судалгааны лаборатори байгуулж эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үе шаттайгаар олон улсын түвшинд хүргэх, зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, үндэсний хэмжээнд онош зүйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх замаар чанар хүртээмжийг сайжруулах, байгууллагын удирдлагын тогтолцоог бэхжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг салбарт тулгамдаж асуудлуудын чиглэлээр танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Салбарын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, зоонозын салбарын бүтэц зохион байгуулалтыг оновчтой зохион байгуулан, менежментийг өөрчлөх нь чухал байгааг онцоллоо. Мөн ирэх жилээс 21 аймагт явуулын лаборатори байгуулж өгөх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийллээ.

Нийтлэгдсэн огноо: 2020.09.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter