Цаг үеийн
Шувууны томуугийн H5N8 вирус хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ
965

ОХУ-д тахианы аж ахуйн 7 ажилтнаас шувууны томуугийн А хүрээний H5N8 дэд хэв шинжийн вирус илрүүлсэн тухай 2021 оны 02-р сарын 20-нд мэдээллээ (www.bbc.com). Дээрх халдвар авсан хүмүүсийн ажиллаж байсан шувууны аж ахуйд өнгөрсөн оны 12-р сард шувууны томуугийн H5N8 дэд хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн дэгдэлт бүртгэгдэж байсан бөгөөд тухайн үед вирус халдварласан байх магадлалтай гэж судлаачид үзэж байна. Энэ нь шувууны томуугийн H5N8 вирус хүнд халдварласан анхы тохиолдол юм. Одоогоор халдвар авсан өвчтнүүдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд H5N8 дэд хэв шинжийн вирус нь хүнд халдварласан үед илрэх эмнэл зүйн шинж нь бүрэн тодорхойлогдоогүй байна. Шувууны томуугийн А хүрээний вирусийн H5N8 дэд хэв шинж нь анх 1983 онд Ирланд улсад бүртгэгдэж байсан. Тухайн үед Ирландын шувууны аж ахуйнуудад тус дэд хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн шувууны томуугийн дэгдэлт гарч, 8,000 орчим цацагт хяруул, 28,000 гаруй тахиа, 270,000 гаруй нугасыг устгалд оруулжээ. 1983 оноос хойш 30 жилийн хугацаанд тус дэд хэв шинжээр үүсгэгдсэн шувууны томуугийн дэгдэлт дахиж бүртгэгдээгүй байсан боловч 2014 онд Өмнөд солонгост тэжээвэр нугаснаас вирус илэрч улмаар тус вирус нугас болон тахианы аж ахуйнуудад тархаж, 12 сая орчим шувуудыг устгалд оруулсан байна. H5N8 дэд хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн шувууны томуугийн өвчлөл 2016-2017 онд 7 удаагийн дэгдэлт гарч Ази, Европ, Африк тивийн 20 гаруй орныг хамарсан байна. 2020-2021 онд ОХУ, Англи, Герман, Ирланд, Белги, Дани, Япон, БНСУ, Саудын Араб зэрэг 10 гаруй оронд H5N8 дэд хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн шувууны томуугийн өвчлөл бүртгэгдээд байна.

Нийтлэгдсэн огноо: 2021.02.25

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter