Зөвлөгөө
ДЭМБ-аас КОВИД-19-ийн эсрэг 2 шинэ эмийг зөвлөж байна
1568

ДЭМБ-аас COVID-19-ийн эсрэг хоёр шинэ эмийг санал болгож байгаа нь өвчнийг эмчлэх сонголтын боломжийг нэмэгдүүлж байна. Өвчтөнүүдийн хэрэглээ эдгээр эмүүдийн хүртээмж, үнээс хамаарах бөгөөд тэр хэмжээгээр олон хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах болно.

Эхний эм болох Бариситинибийг КОВИД-19-өөр өвдсөн хүнд болон нэн хүнд өвчтөнүүдэд өгөхийг зөвлөж байна. Энэ эм нь дархлааны тогтолцооны хэт өдөөлтийг дарангуйлдаг Janus kinase (JAK) төрлийн ангилалд багтана. ДЭМБ үүнийг кортикостероидтой хамт өгөхийг зөвлөж байна.

Бариситиниб нь ревматоид артритыг эмчлэхэд хэрэглэдэг аман эм бөгөөд 2021 оны 7-р сард ДЭМБ-аас санал болгосон Интерлюкин-6 рецептор хаагч гэж нэрлэгддэг үе мөчний бусад эмүүдээс өөр эм юм. 

ДЭМБ-аас COVID-19-өөр эмнэлэгт хэвтэх өндөр эрсдэлтэй хүмүүс, хөнгөн буюу хүндэвтэр өвчтөнүүдийг эмчлэхийн тулд моноклональ эсрэгбиеийн эм болох Сотровимабыг хэрэглэхийг тодорхой нөхцөлтэйгээр зөвлөж байна. Үүнд өндөр настай, дархлаа суларсан, чихрийн шижин, цусны даралт ихсэх, таргалалт зэрэг суурь өвчтэй, вакцин хийлгээгүй өвчтөнүүд орно.

Сотровимаб нь 2021 оны 9-р сард ДЭМБ-аас санал болгосон касиривимаб-имдевимаб хэмээх моноклональ эсрэгбиеийн коктейлийн альтернатив хувилбар юм. Омикроны эсрэг  сотровимабын моноклональ эсрэгбиеийн үр нөлөөг судлах судалгаа үргэлжилж байгаа бөгөөд лабораторийн эхэн үеийн судалгаагаар эсрэг үйлчилгээний үр дүнгээ хадгалсаар байна.

Мөн ДЭМБ-ын эмчилгээний удирдамжийг боловсруулж буй шинжээчдийн баг КОВИД-19-ийн хүнд, нэн хүнд  өвчтөнүүдэд өгөх руксолитиниб ба тофацитиниб эмүүдийн үр нөлөө нь тодорхойгүй байдлыг харгалзан, хэрэглэхээс татгалзах зөвлөмж гаргасан.

ДЭМБ-аас гаргасан КOВИД-19-ийн эмчилгээний удирдамжийн дээрх найман шинэчлэл нь хүндэвтэр, хүнд, нэн хүнд хэлбэрийн 4,000 гаруй өвчтөнийг хамарсан долоон туршилтын үр дүнд үндэслэсэн болно.

ДЭМБ шинээр санал болгож буй эмчилгээний бүтээгдэхүүнийг тэгш, тогтвортой хүртээмжтэй байлгах, нийлүүлэлтийн чадавхийг сайжруулахын тулд эмийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажилласаар байна. ДЭМБ-ын КOВИД-19-ийн эмчилгээний хэрэгслүүдийг эрчимтэй түгээж, нийлүүлэх бүтэц (ACT-A)  эмийн компаниудтай хамтран зөвхөн баян орнуудад төдийгүй дэлхий даяар нэвтрүүлэх цогц төлөвлөгөөг эрэлхийлэн хурдан ашиглах боломжийн төлөө ажилласаар байна. ACT-A нь бүтээгдэхүүнүүдийн түгээлтийг өргөжүүлэхийн тулд үнийг илүү хямд болгохыг зорин ажиллаж байна.

Шинээр санал болгосон барицитиниб ба сотровимабыг бага орлоготой орнуудад түгээх, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд  эрүүл мэндийн бүтээгдэхүүний чанар, үр ашиг, аюулгүй байдлыг үнэлдэг ДЭМБ-ын урьдчилсан шалгаруулалтад оруулахаар болоод байна.

Эх сурвалж: https://www.who.int/news/item/14-01-2022-who-recommends-two-new-drugs-to-treat-covid-19

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter