Жил бүр ЗӨСҮТ-өөс ажилтан, мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын идэвхийг нэмэгдүүлэх, шинэ санаа сэдэл өгөх, туршлага, мэдээллүүдээ солилцох, зоонозын өвчин судлалын байгууллагуудын тухайн жилийн шинжилгээ, судалгааны ажлуудыг нэгтгэн дүгнэх, энэ талын үйл ажиллагааны уламжлал, залгамжийг сайжруулах зорилгоор “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг угтсан сарын аяныг уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэ жилийн сарын аяны хүрээнд хэд хэдэн ажлууд зохион байгуулснаас оргил ажил нь “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан өдөрлөгийн үйл ажиллагаа байлаа. Өдөрлөгийн арга хэмжээг нээж ЗӨСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Цогбадрах үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ энэ жилийн Шинжлэх ухааны ажилтны өдрийн онцлогийг дурдаад манай төвийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын үр дүн, цаашдын чиглэл, хөгжил дэвшлийн талаар товч мэдээлэл өглөө.
Өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр Зоонозын өвчин судлалын байгууллагуудын эрдэм шинжилгээ судалгааны ажлуудын өнөөгийн байдал, үр дүн, дэвшил, цаашдын зорилтуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Бид жил бүрийн энэхүү өдөрлөгөөр ЗӨСҮТ-өөс төрсөн эрдэмтдээ урьж, тэдний дурсамж, сэтгэгдэл, сургаалийн үгсийг сонсдог бөгөөд нэг эрдэмтний хөдөлмөр алдрыг тэмдэглэж, түүний хийсэн бүтээсэн шинжилгээ судалгааны ажлуудын талаар хэлэлцэн хүндэтгэл үзүүлдэг билээ. Энэ жилийн онцлох эрдэмтэн бол Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Ариунсанаа байв. Түүний эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв болон эрдэм шинжилгээний бүтээлүүдийн талаар хэлэлцэж, өөрийнх нь сэтгэгдэл, дурсамж, сургаалийн сайхан үгсийг сонссоноос гадна хамтран ажиллаж байсан нөхдийнх нь дурсамжийг хуваалцлаа. Ерөнхий захирал Н.Цогбадрах доктор, профессор Б.Ариунсанаа болон бусад эрдэмтдэд дурсгалын зүйлс гардуулав.
Мөн “Доктор Д.Батсүх сан”-аас жил бүрийн энэ өдөр Зоонозын өвчин судлалын байгууллагуудаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын амжилт үзүүлсэн нэг судлаачийг тодруулан, сангийн нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулдаг бөгөөд ЭШСМТА-ны амьтан судлаач Ц.Баяр энэ жилийн шагналыг хүртлээ.
Өдөрлөгийн арга хэмжээг хааж Ерөнхий захирал Н.Цогбадрах үг хэлэн, нийт мэргэжилтэн судлаачдад судалгаа шинжилгээний ажлын амжилт хүслээ. Энэ жилийн “Эрдэм шинжилгээний ажилтны өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа.
Нийтлэгдсэн огноо: 2022.12.02