ЗӨСҮТ-өөс уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг “Шинжлэх ухааны ажилтны өдөр” сарын аяны хүрээнд Монгол Улсын Төрийн Соёрхолт, Анагаах ухааны доктор, профессор М.Амбага “Анагаах ухааны шинэ онол, эм зүйн шинжлэх ухааны чиг хандлага” лекцээ төвийн нийт ажилтнуудад зориулан 2022 оны 11-р сарын 30-ны өдөр тавилаа.
Монгол улсын Төрийн соёрхолт, анагаахын шинжлэх гранд доктор /D.Sc./, профессор Миеэгомбын Амбага 1976 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмчийн мэргэжлээр төгссөн. 1984 онд Москва хотын Анагаах ухааны нэгдүгээр дээд сургуульд “Туршилтын амьтдад үүсгэгдсэн зүрхний булчингийн тэжээлийн дутагдлын үед антиоксидант, бетта-блокатор эмийн хамгаалах үйлдлийг судалсан нь” бүтээлээр доктор /Ph.D/, 1994 онд Анагаах ухааны дээд сургуульд “Хий, шар, бадганы онол ба мембрант байгууламж” бүтээлээр анагаахын шинжлэх ухааны доктор /D.Sc./, 2004 онд Москва хотноо төвтэй Европын Холбооны Мэдээлэл зүйн академид “Уламжлалт анагаах ухаан судлалын сүүлийн үеийн ололтууд” бүтээлээр Grand Doctor зэрэг хамгаалж Full Professor цол хүртсэн.
Бүтээл: 70 гаруй ном, сурах бичиг, 90 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 180 гаруй тезис, үүнээс 30 гаруйг нь гадаадын хэвлэлд хэвлэн нийтлүүлсэн, 16 шинэ эм бүтээсэн, 5 патент эзэмшдэг, 20 гаруй судлаачийн шинжлэх ухааны болон Ph.D. докторын ажлыг удирдаж хамгаалуулсан.
Доктор М.Амбага уламжлалт анагаах ухаан, орчин цагийн анагаах ухааныг шинэ мэдлэгээр холбосон NCM нээлт, эм зүйн шинжлэх ухааны онолын үндсүүд, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар бүтээсэн эмийн бүтээгдэхүүнүүдтэйгээ холбон тайлбарласнаас гадна эрдэм шинжилгээний судлаач хүн судалгааны ажилдаа хэрхэн ач холбогдол өгөх, ажиллагаандаа баримтлах зарчмуудыг өөрийн туулсан туршлагадаа үндэслэн тодорхой танилцууллаа.
Дашрамд танилцуулахад доктор М.Амбага нь нэрт эрдэмтэн, Биологийн ухааны доктор Ж.Шагжийн шавь юм. Өдөрлөгийн үеэр доктор Ж.Шагжийн охин, ЗӨСҮТ-ийн тархвар судлаач эмч Ш.Агиймаа М.Амбага докторт хүндэтгэл үзүүлэн, талархал илэрхийлж, бэлэг дурсгалын зүйл гардуулсан нь арга хэмжээний содон чимэг байлаа.
Ерөнхий захирал Н.Цогбадрах ЗӨСҮТ-ийн нийт ажилтнуудын өмнөөс түүнд эрдэм шинжилгээний ажлын өндөр амжилт хүсч, Шинжлэх ухааны академич болох, түүний бүтээл Нобелийн шагнал хүртэхийг ерөөж, дурсгалын зүйл гардуулсан бол доктор М.Амбага зоонозын өвчин судлалын нийт ажилтнуудад судалгаа шинжилгээний ажлын амжилт хүсч, хамтран ажиллах боломж байгааг дурдаад, өөрийн бүтээсэн эмийн бүтээгдэхүүнүүдийг хүлээлгэн өглөө.
Нийтлэгдсэн огноо: 2022.12.02