Хумхаа өвчин нь Anopheles төрлийн шумуулаар дамжин халдварладаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт өгдөг, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг хурц халдварт өвчин.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2021 онд дэлхийн хүн амын тэн хагас нь хумхаа өвчний дамжуулагч шумуул тархсан, эрсдэлт бүс нутагт амьдарч байгаа талаар мэдээлсэн.
2021 онд хумхаагийн хүний өвчлөлийн тохиолдол 247 сая, нас баралт 619 000 бүртгэгдсэн бөгөөд өвчлөлийн 95 хувь, нас баралтын 96 хувь нь Африкийн бүс нутагт байна. Ялангуяа Нигери (31.3%), Бүгд Найрамдах Ардчилсан Конго (12.6%), Бүгд Найрамдах Танзани (4.1%) улсуудад илүү өндөр бүртгэгджээ.
Хумхаа өвчинтэй тэмцэх өдрийг 2007 оноос хойш жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны өдөр болгон Дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн. Энэ жил Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тус өдрийг “Хумхаа өвчнийг тэглэх цаг ирлээ. Хөрөнгө оруулах, инноваци нэвтрүүлэх, хэрэгжүүлэх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ.
Манай оронд хумхаа өвчний байгалийн голомт тодорхойлогдоогүй ч зарим нэг голын сав нутагт хумхаагийн халдвар дамжуулагч шумуул тархсан, халдварын эрсдэл үүсч болзошгүй талаар зарим судлаачид тэмдэглэсэн байдаг.
2009-2022 онд манай оронд хумхаагийн хүний өвчний 18 тохиолдол, 1 нас баралт гарсан. Эдгээр тохиолдлууд нь бүгд хумхаа өвчний голомтот нутаг болох Энэтхэг, Солонгос улсад сурч, ажиллаж, амьдарч байсан, аялал зугаалгаар зорчсон, Африкийн бүс нутгийн Конго, Мали, Нигери, Сьерра-Леоне, Кот-Дивуар, Гана, Судан зэрэг улсад энхийг сахиулах ажиллагаанд болон ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагаанд оролцсон, шумуулд хазуулсан өгүүлэмжтэй Монгол улсын иргэд байна.
Сүүлийн жилүүдэд манай оронд хумхаагийн хүний өвчлөл тасралтгүй бүртгэгдэж, хумхаа өвчний голомтот бүс нутгаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдлууд тасралтгүй бүртгэгдсээр байна. 2023 оны I улирлын байдлаар хумхаагийн хүний өвчний тохиолдол 14, нас баралт 2 бүртгэгдсэн.
Нийтэлсэн огноо: 2023.04.24