Онцлох
Зоонозын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
778

Зоонозын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн – 2024 “Зоонозын халдварт өвчний тусламж, үйлчилгээний чадавхыг бүсчлэн хөгжүүлэх нь” зорилтын хүрээнд өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Зоонозы өвчин судлалын үндэсний төвд болж байна.

Энэ удаагийн зөвлөгөөний зорилго нь зоонозын өвчин судлалын салбар нь үйл ажиллагаагаа “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд орон нутгийг бүсчлэн хөгжүүлж  хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх зорилгоор салбар бүрийг бүсчлэн хөгжүүлэхээр ажиллаж байгаа үзэл баримтлал руу чиглүүлж, удирдлагын түвшинд зөвлөлдөж, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөж байгаагаараа онцлог юм.

Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтнууд оролцож байна.

Зөвлөгөөнийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Амгаланбаяр нээн хэлсэн үгэндээ “2023 оныг “Лабораторийн тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх нь” жил болгон зарлан үүний хүрээнд ЗӨСҮТ ISO:15189 д хамрагдаж, молекул биологийн оношилгооны аргаас “NGS“ технологийн аргачлал руу шилжиж, орон нутагт молекул биологийн оношилгоог нэвтрүүлэх хүрээнд 3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар молекул биологийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэн хүний нөөцийг бэлтгэсэн амжилт нь түүхэнд тэмдэглэгдэхээр жил болж өнгөрлөө” хэмээн онцоллоо. Мөн “Үндэсний төв болон орон нутгийн зарим ЗӨСТ-үүдэд тандалт судалгааны багаж тоног төхөөрөмж, хээрийн судалгааны багцуудаар хангаснаар цаашид бид уур амьсгалын өөрчлөлттэй зоонозын халдварыг тандан судлах бүрэн боломж бүрдээд байна. Энэ бүгдийг нэг жилийн дотор шийдвэрлүүлэхэд бэрхшээлтэй зүйл олон тохиолдож байсан ч салбарын болон хамт олны эв нэгдэл хичээнгүй чармайлтын үр дүнд бид ийнхүү төлөвлөсөн ажил, зорьсон зорилгоо 100 хувь биелүүллээ” гэв.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уг зөвлөгөөнд оролцогчдод хандан “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн анхны төслийг 2023 онд Монгол Улсын Их Хуралд өргөн барьснаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр батлуулан 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Цаашид эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа бид бүхэн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай 2 хуулийг хослуулан хэрэгжүүлэх буюу хос түшиг тулгууртай болж байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааг хийх, иргэдийг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь зоонозын салбарын үйл ажиллагаатай бүрэн хосолж байгаа нь та бүгдийн үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэж байна. Тухайн жилийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх нь зоонозын салбарын нэн тэргүүний үйл ажиллагаа бөгөөд та бүхнийг салбараа манлайлж идэвх санаачилгатай ажиллана гэдэгт салбарын Сайдын хувьд итгэлтэй байна” хэмээгээд, зөвлөгөөнд амжилт хүслээ. Мөн зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр MOН-G9218  төслийн хүрээнд аймаг, нийслэлийн арван дөрвөн Зоонозын өвчин судлалын төвүүдийн лабораторийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор нян судлал болон молекул биологийн оношилгооны 3.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий лабораторийн 58 нэр төрлийн иж бүрэн тоног төхөөрөмж гардууллаа. Ингэснээр зоонозын халдварт өвчнийг орон нутагт оношилж, хариу арга хэмжээ авах боломж бүрдэж байна.

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн уг хуулийн хэрэгжилтийг хэрэгжүүлэх, цаашид зоонозын салбарын бүтэц, чиг үүрэг тухайн хуультай хэрхэн нийцэж ажиллах, тус салбарт ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудлын хууль эрх зүйд хэрхэн өөрчлөлт орж буй талаарх мэдээлэл, танилцуулгыг хийж зөвлөгөөнд оролцогчдын зүгээс асуусан асуултад хариулж, Эрүүл мэндийн салбарын түвшинд баримталж буй бодлого, шийдвэрүүдээс танилцууллаа.

Нийтэлсэн огноо: 2024.04.11

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter