Хятад-Монголын хилийн боомтуудад хил дамнан тархах зоонозын халдварт өвчний хяналт сэргийлэлт, хамтын ажиллагааны уулзалт 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны хооронд БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулагдлаа.
Уулзалтад Монгол Улсын талаас ЗӨСҮТ-ийн захирал Б.Амгаланбаяр, Гаалийн Ерөнхий Газрын Хорио цээрийн хэлтсийн дарга Т.Төмөрбаатар, Замын-Үүдийн Гаалийн газрын Хорио цээрийн албаны дарга Ц.Болдоо нар болон ЗӨСҮТ, ХӨСҮТ, Гаалийн ерөнхий газрын холбогдох алба тасгийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
БНХАУ талаас Хөх хотын Гаалийн газрын орлогч дарга Хуан Вэйдун, Хөх хотын Гаалийн газрын Эрүү ахуйн хорио цээрийн газрын дарга Жан Шэн, ӨМӨЗО-ны Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх төвийн дарга Жан Жүн бинъ, Эрээн хотын Засгийн газрын орлогч дарга Жөү Жинрань, Эрээн хотын Гаалийн газрын орлогч дарга Жау Хүн шань нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтын эхэнд 2 талын төлөөллүүд үг хэлсэн бөгөөд ЗӨСҮТ-ийн Захирал Б.Амгаланбаяр БНХАУ-Монгол 2 улсын зоонозын салбарын хамтын ажиллагааны онцлог байдлыг дурьдан, хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн болон цаашдын хамтын ажиллагаанд талархалтай байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг дэвшилтэд шинэ шатанд гаргах санаачилгыг дэвшүүллээ. Мөн тус төвийн НЭМТШУА-ны дарга Х.Ариунболд зоонозын халдварт өвчний нөхцөл байдал, хамтын ажиллагааны үр дүнг танилцууллаа.
Тус уулзалтын нэгэн томоохон үйл ажиллагаа болох “Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, Монгол Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр”-ийг харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан, салбар бүрээс хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэн, санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд 2025 онд Хятад-Монголын зоонозын халдварт өвчний хамтарсан тандалт судалгааны ажил хийж гүйцэтгэх зохион байгуулалт болон 2 талын зүгээс тодорхой зохицуулалтуудыг хийх талаар хэлэлцэж, харилцан тохиролцсон нь хамтын ажиллагааг саадгүй хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болж байна.
Мөн Эрээн хотын Олон Улсын Аялал жуулчлалын Эрүүл мэндийн төв болон биоаюулгүй байдлын 3-р түвшний лабораторитой танилцан, туршлага судлав.
Энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагааг бэхжүүлэх, төлөвлөгөөт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх талаар өндөр ач холбогдол бүхий асуудлуудыг хэлэлцэн, тохиролцсон бөгөөд протоколоор баталгаажуулан 2 тал гарын үсэг зурлаа.
Нийтэлсэн огноо: 2025.05.16