Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2025 оны 5 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, лабораторийн оношилгоо, хариу арга хэмжээ” сэдэвт танхимын болон дадлага сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Ховд аймгийн 16 сумын голомт хяналтын эмч, сумдын эмнэлгийн эрхлэгч, Засаг даргын Тамгын газрын дарга нар, сургууль, цэцэрлэгийн эмч нар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Байгаль орчны байгууллагын төлөөлөл зэрэг нийт 80 орчим байгууллагын 135 хүн оролцлоо.
Сургалтын хүрээнд тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдсэн нөхцөл байдалд хэрхэн хариу арга хэмжээ зохион байгуулах талаар зохиомол тохиолдлол дээр тулгуурлан багийн ажиллагаа, шийдвэр гаргалт, мэдээллийн урсгалыг зөв удирдах, халдварын голомтод ажиллах үеийн аюулгүй байдлыг хангах дадлага сургуулилт хийгдсэн юм.
Түүнчлэн сургалтад хамрагдсан голомт хяналтын эмч нарт хээрийн нөхцөлд ажиллахад тохиромжтой хувцсыг гардуулан өгч, тэдний ажлын аюулгүй байдал, үр дүнг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүллээ.
Тус сургалт нь зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтэлсэн огноо: 2025.06.05