1931 оны 7-р сарын 10-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Тарваган тахал эсэргүүцэх лаборатори” нэртэйгээр анх байгуулагдаж,

  • 1940 онд “Тарваган тахал эсэргүүцэх төв станц”
  • 1961 онд “Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газар”
  • 1990 онд “Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төв”
  • 2006 онд “Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв”
  • 2012 онд “Зоонозын өвчин судлалын үндэсний төв” болон өргөжсөн байна.

Байгууллагын түүхэн хөгжлийн үе шат

Нэг. 1921-1940 он – “Тарваган тахал эсэргүүцэн судлах мэргэжлийн байгууллага үүсгэн байгуулах бэлтгэл ба бүрэлдэн тогтсон үе”

1921-1930 онд төр засгийн урилгаар ЗСБНХОУ-аас ирсэн эмч нар Монголын ард түмний эрүүл мэндийг сэргийлэн хамгаалах, тарваган тахалтай тэмцэх ажилд Европын шинжлэх ухааны аргыг хэрэглэн оношлох, түүнтэй тэмцэж голомтыг дарах зэргээр оролцсон явдал нь материаллаг баазын эх үүсвэр бий болгох, ард түмэнд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдэгдэхүүн олгох зэргээр томоохон  ололтод хүргэсэн. Энэ нь Тарваган тахал эсэргүүцэх байгууллагыг үүсгэн байгуулах бэлтгэл үе байжээ.

ЗСБНХОУ-ын эрүүлийг хамгаалах комиссариатаас 1928 онд барьсан тарваган тахлын хотхоныг тоноглож, 1931 онд Ардын хувьсгалын 10 жилийн ойгоор иж бүрэн төхөөрөмжтэй “Тарваган тахал өвчнийг эсэргүүцэх лаборатор”-ыг Монголын ард түмэнд бэлэглэснээр тус байгууллагын үүсэл суурь тавигдсан юм. Энэ лабораторын эрхлэгчээр А.Л. Берлинийг томилон ажиллуулав.

Хоёр. 1941-1960 он – “Дэлхийн II дайн болон дайны дараа  үеийн Тарваган тахал эсэргүүцэх байгууллагын хөгжлийн үе”

1941-1945 онд манай нам, засгаас авсан арга хэмжээ, ЗХУ-аас тус улсын тарваган тахал эсэргүүцэх байгууллагыг бэхжүүлэх ажилд үзүүлэх тусламжийг өргөтгөн, ирүүлэх мэргэжилтний тоог нэмэгдүүлсний дүнд уг байгууллага мэдэгдэхүйц өргөжин бэхжив. Энэ үеийн хөгжлийн гол онцлог нь зөвхөн тарваган тахлын хүний өвчлөлийн голомтыг цомхотгон дарах, хүн амын дунд тарваган тахал өвчний хор холбогдол, түүнээс урьдчилан сэргийлэх суртал нэвтрүүлэг хийх зэрэг үүрэг гүйцэтгэж байсан мэргэжлийн шинэ байгууллагын материаллаг баазыг бэхжүүлжээ.

Мөн хөдөөгийн салбар байгууллагыг мэргэжилтнээр бэхжүүлэх, байгалийн голомтыг хайх эпизоотологийн судалгааг төлөвлөгөөтэй тогтмол хийж эхэлсэн нь уг байгууллагыг эмчлэн сэргийлэхээс гадна эрдэм шинжилгээний чиглэлтэй болгов. Тухайн үед их эмч нараас гадна амьтан судлалын нарийн мэргэжлийн хүмүүс тарваган тахлыг эпизоотологи, эпидемиологи, эмнэл зүй, нян судлал зэрэг чиглэлүүдээр нарийвчлан судалж эхэлжээ.

1941 оны 7-р сард Тарваган тахал эсэргүүцэх төв станцын лаборатор, тусгаарлах тасгийн нэгэн шинэ барилга ашиглалтад орсон юм.

1959 оноос ЗХУ-ын эпидотрядууд ажиллахгүй болж, зөвхөн ганц зөвлөх мэргэжилтэнтэйгээр манай үндэсний мэргэжилтнүүд бие даан ажиллаж эхэлсэн байна.

Гурав. 1961-1989 он – “Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах байгууллагын бэхжилтийн үе”

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1961 оны 9-р сард “Гоц аюулт халдварт өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээний тухай” 510-р тогтоол гарсан. Уг тогтоолд тарваган тахал, урвах тахал, цагаан цэцэг, туляреми, полимиэлит, хачигт энцефалит, ям, боом. галзуу, бруцеллёз зэрэг байгалийн голомтот, гоц аюулт халдварт өвчнүүдийг судлан, тэдгээрийн байгалийн голомтыг эрүүлжүүлэн устгах явдал Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах /ГАХӨЭС/ байгууллагын үндсэн зорилт гэж тодорхойлжээ.

1961-1964 онд ГАХӨЭС Газар /институт/, түүний харьяа Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Хэнтий аймгуудад ГАХӨЭС станцууд, Улаанбаатар, Сүхбаатар хот, Дорнодын Эрээнцав, Баян-Өлгийн Цагааннуур, Дорноговийн Замын-Үүд зэрэгт хилийн ариун цэврийн байцаан шалгах   салбарууд ажиллаж байв.

1970 онд Сайд нарын Зөвлөлийн “Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах талаар авах арга хэмжээний тухай” 277-р тогтоол гарч, барилга байгууламжийн зураг, төсвийг яаралтай хийх, шуурхай бэлэн байдлыг хангах үүднээс ажилчдад нэгдсэн орон сууц олгох, автолаборатор, утсан харилцаа, цахилгаанаар найдвартай хангах арга хэмжээ авахаар заажээ. Үүний дагуу 1979 онд одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа гол барилга 1, туслах чанарын 5 барилга бүхий байгууламж ашиглалтад орсон.

Дөрөв. 1990-2013 он – “Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв өргөжин хөгжиж буй үе”

ГАХӨЭС Газрыг БГХӨЭСТөв, орон нутагт Гоц халдвартын тасгуудыг (АЦХС Станцын нэгж байсан)Байгалийн голомтот өвчинтэй тэмцэх газар болгон өөрчлөх шийдвэрүүд гарсан байна.

Их эмч Ж.Мягмар Баян-Өлгий аймгийн нутгаас илрүүлсэн тарваган тахлын нянг нарийвчлан судлах явцдаа глицерин сөрөг омогийг илрүүлсэн байна.

1990 онд ГАХӨЭСГазрын дарга Д.Батсүх, их эмч Т.Долгор, П.Жамъянсүрэн, Замын-Үүдийн Хилийн ариун цэврийн байцаан шалгах салбарын эрхлэгч С.Цэрэндовдон нар БНХАУ-ын хижиг байцаах газрын дарга Ли Шу Чунь, Бээжин хот дахь Эрүүлийн хамгаалах Хижиг байцаах төв лабораторийн эрхлэгч Ван Бао Лин нартай албан ёсны хэлэлцээр хийж, БНХАУ-ын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах суурийг тавилаа.

1991 онд БГХӨЭСТөвийн 60 жилийн түүхт ойгоор ЗХУ, БНХАУ-ын холбогдох эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран “Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын халдвар судлалын асуудал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулжээ.

Энэ онд З.Адъяасүрэн “Тарваган тахлын байгалийн голомтын халдварын чадавхийг үнэлэх аргачлал”, А.Эрдэнэбат “Монгол орны тахлын үүсгэгчийн плазмидын бүрдлийг судлах хурдавчилсан арга технологи”-ийг боловсруулж, практикт нэвтрүүлж эхэлсэн байна.

1992 онд тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн нян цөлмүүрийг үйлдвэрлэж эхлэн шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээг авсан байна.

Тарваган тахлын нянгийн плазмидын бүрдлийг тодорхойлж, 15 МД плазмидтай тарваган тахлын нянгууд нь салбар зүйлийн хувьд Y.pestispestis, 8 МД плазмидтай өсгөврүүд нь Y.pestis  altaica зүйлд хамрагдаж байгааг тогтоосон.

1995 онд Бичил амь судлалын тасгийн дэргэд нян хуурайшуулах лабораторыг  шинээр байгуулж, их эмч П. Жамъяансүрэн тарваган тахлын вакцины омгоор 107 удаа хатаах туршилт хийсэн нь тарваган тахлын өсгөврүүдийг хуурайшуулан хадгалах ажлын эхлэлийг тавьж байжээ.

2001 оноос эхлэн ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч, Монгол Улс галзуу өвчний эпизоотологи, эпидемиологийн судалгааг хамтран хийх ажлын хүрээнд  явуулж, “Монгол дахь галзуу өвчний эпидемиологи, эпизоотологи зарим онцлог” сэдвээр дэд докторын зэргийг 2009 онд хамгаалсан байна. Мөн үүний зэрэгцээ Монгол Улс дахь галзуу өвчний вирүс нь филогенетикийн “Step” бүлэгт багтаж байгааг тогтоон, “Генбанк”-д бүртгүүлсэн байна.

2004 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд хачгаар дамжих халдварт өвчнийг албан ёсоор улсын бүртгэлд оруулж, бүртгэж эхэлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 5-р сарын 26-ны 135 тоот тогтоолоор Улсын онцгой обьектын жагсаалтад орж, дотоодын цэргийн 05-р ангийн хамгаалалтад орж, цэрэгжүүлсэн хамгаалалттай боллоо.

2007 оны 10-р сарын 15-ны өдөр “Вирүс судлалын лаборатор” нээснээр вирүсээр үүсгэгддэг зарим халдварт өвчнийг оношлох суурь тавигдлаа. Тарваган тахал, боомын нянгийн 166 омогт геномын полиморфизмыг VNTR-ПГУ-аар судлах судалгааг анх удаа хийж, молекул биологийн судалгаанд дэвшилт гарсан байна.

2008 онд хачгаар дамжин халдварлах өвчний тандал судалгааны түр зааврыг батлуулан Монгол Улсын хүн амын дундах хачигт энцефалит, боррелиозын эсрэгбиеийн таньцын үл тооцох хэмжээг (cut off titer) анх удаа тогтоосон нь үр дүнтэй ажил болжээ. Мөн  эрлихиоз, анаплазмоз, шувууны томуу, галзуу өвчний молекул биологийн оношлогоог нэвтрүүлэн шувууны томуу, галзуу өвчний оношийг УТ-ПГУ-аар баталгаажуулсаны зэрэгцээ тарваган тахал, боом өвчний оношлогоонд ФХУ, хурдавчилсан сорилыг шинээр нэвтрүүлж эхэлсэн байна.

2009 онд ХБНГУ-ын Бундесбергийн микробиологийн хүрээлэнтэй хамтран  Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутгаас дээжилсэн Dermacentor, Ixodes төрлийн  хачигнаас Rickettsia raoultii зүйлийн үүсгэгчийг илрүүлж, “генбанк”-нд бүртгүүлсэн байна .

2010 онд “Хилээр орох, гарах хяналт, хорио цээрийн товчоо”-ны харьяа “Тарваган тахлын үндэсний лабораторын зөвлөх”-өөр томилогдон ажиллах гэрээ байгуулсан.

Мөн Эрүүл мэнд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар “Зоонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөл”-ийг байгуулан Үндэсний хэмжээнд хүн, мал эмнэлгийн хамтран ажиллахад дорвитой ажил боллоо.

2012 онд засгын газрын  тогтоолоор Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter