“Yersinia 15” олон улсын симпозиум хоёр дахь өдрөө үргэлжилж, холбогдох илтгэлүүдийг хэлэлцэж байна. Энэхүү хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Эрхүү хот дахь “Сибирь, Алс дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн”-ийн захирал Сергей Владимирович Балахоновыг Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа.
Шагналыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн гардуулж, профессор С.В.Балахоновын ажил үйлс Монгол Улсын эрүүл мэндийн салбар, ялангуяа ЗӨСҮТ-ийн хөгжил, дэвшил, үйл ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд түүний оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, гавьяаг үнэлж, төрийн дээд шагналаар шагнаж буйг онцлон тодотголоо. Мөн ОХУ-аас өнгөрсөн хугацаанд молекул биологийн сүүлийн үеийн иж бүрэн шинжилгээний багаж, техникээр тоноглогдсон явуулын хоёр авто лабораторийг нийлүүлсэн нь тарваган тахал зэрэг зоонозын халдваруудын тандалт судалгааны үед ашиглаж байгаа бөгөөд саяхан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд бүртгэгдсэн тохиолдлын үеэр ихээхэн хувь нэмэр оруулсан болохыг дурдлаа.
ОХУ-ын шинжлэх ухааны доктор, профессор С.В.Балаханов Монгол Улсад 1989-1990 онд ажиллах хугацаандаа ЗӨСҮТ-д байгалийн голомтот, зоонозын өвчний ийлдэс судлал, молекул биологийн шинжилгээг нэвтрүүлж, эмч мэргэжилтнүүдийг дээрх аргаар оношилгоо, судалгаа хийхэд дадлагажуулан сургажээ. Мөн түүний санаачилга, зүтгэлээр ОХУ-ын Засгийн газраас баталсан “Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр /2017-2025/-ийг ЗӨСҮТ-тэй хамтран Монгол Улсад хэрэгжүүлсэн юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий, Увс аймгийн хилийн бүс нутагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг хамтран гүйцэтгэж, 150 гаруй үүсгэгчийг илрүүлэн голомтын төлөв байдлыг тодорхойлж эрсдэлээс сэргийлэх ажлыг зохион байгуулж буй. Мөн тэрээр Монгол Улсад лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур болон иж бүрэн тоноглогдсон явуулын гурав дахь лабораторийг нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Нийтэлсэн огноо: 2025.09.17




