Цаг үеийн
Дөрвөн тивийн эрдэмтэн судлаачид чуулж, зоонозын халдваруудын эсрэг авч хэрэгжүүлэх гарц шийдэл эрэлхийллээ
22

Олон улсын 15 дахь удаагийн “Yersinia” симпозиум Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 16, 17-нд болж, өндөрлөлөө. Хоёр өдөр чуулсан энэхүү хурлаар дөрвөн тивийн арав гаруй улс орны эрдэм шинжилгээ, судалгааны 25 бүтээлийг хэлэлцэв. Тухайлбал, “Тарваган тахлын бактериофаг ба амьдрах орчны зохилдолгоо”, “Тарваган тахлын эсрэг вакцины хөгжүүлэлт: өнгөрсөн, одоо үе ба ирээдүй” зэрэг сонирхолтой олон илтгэл багтаж байлаа.

Симпозиумын хүрээнд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, сүүлийн үеийн томоохон туршилт, судалгааны үр дүнг танилцуулахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний тухайд мөн санал солилцон тодорхойллоо. Тухайлбал, зоонозын гаралтай халдварт өвчнийг тандах, хянах, сэргийлэх, хариу арга хэмжээ авахад шинжлэх ухаанч, шинэ техник технологи иноваци шингэсэн арга хэмжээ, гарц шийдлийг нэвтрүүлэн хэрэгжүүлэх шаардлага үүссэн гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байв.

Монгол улс зоонозын халдварууд, ялангуяа тарваган тахал өвчний өндөр эрсдэлтэй бүс нутаг учраас хүн амыг эдгээр халдвараас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг сайжруулах, мэргэжлийн байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх шаардлага бий болсон гэдгийг онцлон тодотгож байлаа.

Монгол Улсын хувьд, 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой байгаагаас гадна саяхан Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдсэн цаг үетэй энэхүү хурал давхцсан нь хурлын ач холбогдлыг илүү тодотгов. Өөрөөр хэлбэл, энэхүү хурлаар дэлхийн өнцөг булан бүрэээс хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид Монгол төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй зоонозын халдварууд, ялангуяа тарваган тахлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ, жишиг туршлага, шинэ санаа солилцох, хамтын ажиллагаа эхлүүлэх, үр дүнтэй гарц шийдлүүдийг эрэлхийлсэн юм.

Нийтэлсэн огноо: 2025.09.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter