“Зоонозын халдварын тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж, өнгөрсөн хугацааны ололт амжилтаа дүгнэж, цаашид хамтран хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, гарц шийдлийн талаар зөвлөлдлөө. Энэхүү хуралд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Б.Амгаланбаяр, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте тэргүүтэй гадаад, дотоодын 200 гаруй эрдэмтэн судлаач, төлөөлөгч оролцлоо.
Тус хурлыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яам хамтран хоёр жил тутам зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн хуралд 10 гаруй улс орны төлөөлөгч оролцож, хачгаар дамжих халдвар, боом, зоонозын анзаарагддаггүй халдварууд зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, судалгааны үр дүнг танилцуулахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцон тодорхойлов. Тухайлбал, хил орчимд зоонозын халдварууд нэлээд бүртгэгдэг тул эхний ээлжид хамтарсан судалгаа хийж, судалгааны дүнд үндэслэн дараагийн шатны арга хэмжээгээ төлөвлөж ажиллах шийдэлд хүрлээ.
Монгол Улсын хувьд, зоонозын олон талын халдварыг илрүүлэх оношилгооны чадавхийн асуудалтай тулгардаг байна. Тиймээс хуралд оролцогч улс орнууд энэ төрлийн лабораторийн оношилгооны чадавхийг сайжруулах, хээрийн нөхцөлд ажиллахад шаардлагатай тоног төхөөрөмж, оношлуураар хангах зэрэг дэмжлэг үзүүлдэг бөгөөд энэ удаад ч мөн адил дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Мөн хөрш зэргэлдээ улс орнуудтай хамтран хэрэгжүүлж буй судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэн өргөжүүлэхээр тохиролцлоо. Тодруулбал, өнгөрсөн хуагцаанд Монгол Улс, ОХУ хамтран хөтөлбөр хэрэгжүүлж, үүний хүрээнд хил орчмын тарваган тахлын байгалийн голомтын идэвхжлийг нарийвчлан тогтоож, улмаар зөвлөмж боловсруулан холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлжээ. Хуралд оролцогчид энэхүү ажлын үр дүнг өндрөөр үнэлсэн тул талууд тухайн хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх шийдэлд хүрсэн зэрэг олон талын өндөр ач холбогдолтой хурал болсон гэдгийг “Зоонозын халдварын тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцогч эрдэмтэн судлаач, төлөөлөгчид онцлон тодотгож байлаа.

Нийтэлсэн огноо: 2025.09.16




