Цаг үеийн
Nipah virus (NiV) халдварын талаарх мэдээллийг хүргэж байна
13

Ерөнхий мэдээлэл:
Nipah virus (NiV) халдвар нь жимсний сарьсан багваахай (Pteropus spp.)-гаас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин юм. Халдвар нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс (ялангуяа түүхий дал модны шүүс, жимс) хэрэглэх замаар, мөн хүнээс хүнд шууд хавьтлаар дамжих боломжтой.
Хүний Nipah вирусийн халдварын эмнэлзүйн илрэл нь шинж тэмдэггүй хэлбэрээс эхлэн амьсгалын замын хүнд өвчлөл, тархины үрэвсэл (энцефалит), улмаар үхэлд хүргэх хүнд хэлбэрүүдийг хамарна. Олон улсын түвшинд тохиолдлын нас баралтын түвшин 40–75 хувьтай байна. Одоогоор Nipah вирусийн халдварын эсрэг батлагдсан вакцин, тусгай вирусийн эсрэг эмчилгээ байхгүй бөгөөд эмчилгээ нь эрчимт дэмжих эмчилгээнд тулгуурлаж байна.
Өвчлөлийн нөхцөл байдал:
Nipah вирусийн халдвар нь 1998 оноос хойш Бангладеш, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсуудад бүртгэгдэж ирсэн. Энэтхэг Улсад 2001, 2007 онд Баруун Бенгал мужид, 2018 оноос хойш Керала мужид давтамжтайгаар тохиолдож байна. Иймд бүс нутгийн хувьд Nipah вирусийн халдвар нь нутагшмал халдвар юм.
2025 онд Энэтхэг Улсад бүртгэгдсэн бүх батлагдсан тохиолдол Керала мужаас илэрсэн бөгөөд үүнээс хоёр нь Паллаккад дүүрэгт анх удаа бүртгэгдсэн нь шинэ газарзүйн байршилд илэрсэн тохиолдол юм. Мөн эдгээр тохиолдлууд хоорондоо эпидемиологийн холбоогүй, байгалийн нөөцлөгчөөс тус тусдаа халдвар дамжсан байх магадлалтай байна.
Үүний зэрэгцээ, Бангладеш Улсад Nipah вирусийн халдвар 2001 оноос хойш бараг жил бүр бүртгэгдэж ирсэн бөгөөд нутагшмал халдвар юм. 2025 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын хооронд Бангладеш Улсад газарзүйн хувьд хоорондоо холбоогүй дөрвөн дүүрэгт лабораториор батлагдсан дөрвөн нас баралт бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлууд хоорондоо эпидемиологийн холбоогүй бөгөөд ихэнх нь түүхий дал модны шүүс хэрэглэсэнтэй холбоотой байсан.
Бангладеш Улс нь 2001 оноос хойш нийт 347 батлагдсан Nipah вирусийн халдварын тохиолдлыг бүртгэсэн бөгөөд тохиолдлын нас баралтын дундаж түвшин 71.7 хувьтай байна.
Олон улсад тархах эрсдэл:
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээгээр Nipah вирусийн халдварын олон улсад тархах эрсдэл бага, тухайн улсууд дах эрсдэл дунд гэж үнэлсэн.
Одоогийн байдлаар Nipah вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. 2025 онд Энэтхэг болон Бангладеш Улсад бүртгэгдсэн бүх тохиолдлууд тухайн улсын дотоодод хязгаарлагдсан хэвээр байна. Хавьтал судлал, тусгаарлалт, халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа нь олон улсад тархах эрсдэлийг бууруулж байна.
Олон улсын аялал, худалдаанд хязгаарлалт тогтоох шаардлага:
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоогийн нөхцөл байдалд үндэслэн Энэтхэг болон Бангладеш Улсад чиглэсэн олон улсын аялал, худалдаанд ямар нэгэн хязгаарлалт тогтоохыг зөвлөхгүй байгаа бөгөөд уг үйл явдлууд нь олон улсын тээвэр, худалдаанд саад учруулаагүй байна.
ОУЭМД(2005)-ийн ерөнхий дүгнэлт:
Эдгээр мэдээллүүдэд үндэслэн Nipah вирусийн халдварын 2025 оны Энэтхэг, Бангладеш Улсад бүртгэгдсэн тохиолдлууд нь Олон улсын эрүүл мэндийн дүрэм (IHR, 2005)-ийн хүрээнд анхааралтай хянах, олон улсын мэдээлэл солилцоог хангах шаардлагатай боловч одоогийн байдлаар олон улсын нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал (PHEIC) зарлах босгыг хангахгүй гэж үнэлэгдэж байна.

Нийтэлсэн огноо: 2026.01.27

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter