Таны мэдлэгт
Нэг эрүүл мэнд үзэл баримтлал
605

“НЭГ ЭРҮҮЛ МЭНД” гэх ойлголт нь хүн, амьтан, ургамал болон хүрээлэн буй орчны эрүүл мэнд хоорондоо салшгүй холбоотой, харилцан хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрсөн нэгдмэл, салбар дундын хамтын ажиллагаанд суурилсан үзэл баримтлал юм.
Энэ үзэл баримтлал нь зоонозын халдварт өвчин, бичил биетний тэсвэржилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг үйл ажиллаагаар дамжуулан байгалийн тэнцвэрийг хангах, тогтвортой хөгжилд чиглэх юм.
Энэхүү үзэл баримтлалд 160 гаруй улс орон нэгдэн орж, бодлого үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. Монгол улсын хувьд 2010 оноос хойш “НЭГ ЭРҮҮЛ МЭНД” үзэл баримтлалыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн гэх боловч Монгол үндэстний эртнээс уламжлан ирсэн ёс заншил, соёл уламжлал билээ.

Дэлхийн банкнаас хийсэн судалгаанаас гарсан гол тоон үзүүлэлтүүд

“Нэг эрүүл мэнд’ үзэл баримтлалыг хэрэгжүүлсний үр дүн
Зардлын үр ашиг Урьдчилан сэргийлэхэд зарцуулсан 1$ бүр хариу арга хэмжээний зардлаас 27$-ыг хэмнэдэг.
Өвчний эрсдэл Зоонозын өвчний гаралтай цар тахал болох эрсдэлийг 10-15% бууруулах тооцоолол хийсэн.
Мэдээлэл солилцоо Салбар хоорондын мэдээлэл солилцох хугацаа 50%-иар хурдассан.

 

Эдийн засагт үзүүлсэн нөлөө

Цар тахлын хохирлыг бууруулах: COVID-19 цар тахал дэлхийн эдийн засагт хувиар тооцвол 3.3 миллиард ам.долларын хохирол учруулсан. Дэлхийн банкны тооцооллоор, «Нэг эрүүл мэнд» үзэл баримтлалыг дэлхий даяар хэрэгжүүлж, мал эмнэлэг болон зэрлэг амьтдын тандалтыг сайжруулахад жилд 10.3-11.5 тэрбум ам.доллар шаардлагатай тооцоо гарсан. Энэ тандалт судалгаа нь цар тахлаас үүдэх жилд дунджаар 30 тэрбум гаруй ам.долларын шууд хохирлоос сэргийлдэг байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлсэн нөлөө

Ой модны алдагдал болон хүлэмжийн хийг бууруулах: Зэрлэг амьтдын амьдрах орчин (ойн экосистем)-ийг хамгаалах нь «Нэг эрүүл мэнд»-ийн салшгүй хэсэг юм. Ой модыг хамгаалснаар нүүрстөрөгчийн хийг (CO2) шингээж, дэлхийн  дулаарлыг сааруулахын зэрэгцээ зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг бууруулснаар зоонозын гаралтай (Жишээ нь, Нипах, Эбола) өвчлөл шинээр дэгдэх эрсдэлийг бууруулдаг байна.

Биологийн олон янз байдлыг хамгаалах замаар экосистемийг тогтворжуулах:  Малын бэлчээрийн менежментийг зөв хийж, хөрсний доройтолтой тэмцэх нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй экосистемийг бүрдүүлдэг. Эрүүл хөрс, эрүүл бэлчээр нь ган гачиг, зудын эрсдэлийг зөөлрүүлэх давуу талтай.

Цаг уурын өөрчлөлтөд суурилсан эрт сэрэмжлүүлэг:  Энэхүү үзэл баримтлалын хүрээнд цаг уурчид, хүрээлэн буй орчны судлаачид эрүүл мэндийн салбартай хамтардаг болсон. Жишээ нь: Хэт халалтын урьдчилсан мэдээнд тулгуурлан шумуулаар дамждаг Денгийн чичрэг, хумхаа эсвэл малын мялзан зэрэг өвчний дэгдэлтийг урьдчилан тооцоолж, бэлтгэлээ хангахад дөхөм болсон байна.

Антибиотикын тэсвэржилтын нөлөө

Антибиотикийн тэсвэржилтийг зөвхөн хүн эмнэлгийн хэрэглээний түвшинд шийдэх боломжгүй. Учир нь дэлхийд үйлдвэрлэгдэж буй нийт антибиотикийн 70 гаруй хувийг мал аж ахуйн салбарт хэрэглэдэг. Салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлж хяналтад оруулснаар дэлхийн улс орнуудад дараах бодит үр дүнгүүд гарч байна.

Европын Холбоо болон Дани улсын (DANMAP) судалгаагаар малын тэжээлд өсөлт дэмжих антибиотик холихыг хориглож, малын эрүүл ахуйг сайжруулахад, хүнсний бүтээгдэхүүн (мах, сүү)-ээр дамжин хүнд халдварладаг антибиотикт тэсвэртэй Salmonella болон E.coli нянгийн тоо толгой шууд буурсан байна.

Эдийн засгийн хэмнэлт:

Дэлхийн банкны судалгаагаар, хэрэв улс орнууд «Нэг эрүүл мэнд» загвараар антибиотикийн зохистой хэрэглээг хянаж чадвал 2050 он гэхэд дэлхийн эдийн засагт үүсэж болох байсан жилийн 1-3.4 триллион ам.долларын хохирлоос сэргийлж чадна гэж тооцоолсон байна.

Байгаль орчны бохирдлыг хянах нь:

Эмийн үйлдвэрүүд болон малын ялгадаснаас гарсан антибиотикийн үлдэгдэл хөрс, усны сувагт орж, байгаль дахь нянгуудыг тэсвэржүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон. Байгаль орчны салбартай хамтран фермийн хаягдлыг шүүдэг болсноор байгаль дахь антибиотикт тэсвэртэй нянгийн үржлийг сааруулж байна.

Нийтэлсэн огноо: 2026.06.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter