Цаг үеийн
Йеменд холерын тохиолдол 500 000-д хүрлээ
756

2017 оны 08-р сарын 14. Женев-Йемен улсад энэ жил дэгдсэн холерын өвчлөлийн тохиолдол өнгөрсөн ням гарагт хагас саяд хүрлээ. Дөрөвдүгээр сарын сүүлээр эхэлсэн өвчлөл хурдацтайгаар тархаж, одоогоор 2000 орчим хүн нас бараад байна.
Өвчлөлийн оргил үетэй харьцуулахад тохиолдлуудын тоо 07-р сараас эхлэн голдуу ихээр бүртгэгдэж байсан газруудад буурч байгаа ч уснаас үүдэлтэй, үхлийн аюултай энэ өвчний тохиолдлууд нэмэгдэж, тархалт хурдацтай тэлсээр байна. Өдөрт 5000 орчим хүн халдвар авч байна.
Улс даяар усан хангамжийн хүрэлцээ, эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл муудсаны улмаас холерын энэ өвчлөл дэлхийн хэмжээнд хамгийн олон хүн хамарсан тахал боллоо. Том хотуудад сая сая хүн цэвэр усаар гачигдаж, эрүүл ахуй, хог цэвэрлэгээний үйл ажиллагаанууд зогссон байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын талаас илүү хувь нь эвдрэл сүйтгэлээс хаагдаж, санхүүгийн эх үүсвэр маш бага болсон учир энэхүү гамшгийг даван гарахад туйлын хүнд болж байна. Эрүүл мэндийн хангамж, хүрэлцээ гачигдалтай байгаагаас гадна 30000 эрүүл мэндийн ажилтан жил орчим цалин төлбөр аваагүй байна.
“Йемений эрүүл мэндийн ажилтнууд олон мянган өвчтөнтэй, эмнэлэг, эрүүл мэндийн хангамж, усны хүрэлцээ муутай маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Эрүүл мэндийн гол тулгуур болсон эдгээр эмч, ажилтнуудгүйгээр бид Йеменд юу ч хийж чадахгүй. Тэднийг үргэлжлүүлэн ажиллуулахын тулд цалин төлбөрийг нь өгөх ёстой” гэж ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Dr. Tedros Adhanom Ghebreyesus хэлжээ.
ДЭМБ болон бусад байгууллагууд холерын эмчилгээ, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг нөхөн сэргээх, эрүүл мэндийн тусламжуудыг хүргэх, үндэсний эрүүл мэндийн үйл ажиллагааг нь дэмжих цаг болсон байна.
Эрүүл мэндийн тусламж авахаар хандаж байгаа хүмүүсийн 99% гаруй нь холерын халдвар авсан байх сэжигтэй байна. Үүнээс гадна 15 сая орчим хүн эрүүл мэндийн суурь тусламж авах боломжгүй байна.
“Йемен дэх олон сая хүний амь насыг аврахын тулд бид эрүүл мэндийн тогтолцоог нь чухамдаа эрүүл мэндийн ажилтнуудыг нь дэмжих хэрэгтэй байна. Йемений ард түмэн энэ байдлыг удаан тэвчиж чадахгүй, тэдэнд амь нас, энх амгалан, эх орноо дахин бүтээн байгуулах хэрэгтэй байна гэж Йемен улсын эрх мэдэлтнүүд болон энэ гамшгийн эсрэг улс төрийн шийдвэр гаргах бүх хүмүүст бид уриалж байна” гэж Dr. Tedros хэллээ .

Эх сурвалж: http://who.int/mediacentre/news/releases/2017/cholera-yemen-mark/en/

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter