Цаг үеийн
ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран тарваган тахал өвчний тандалт судалгааг хийлээ
1470

ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран  “Монгол улс, ОХУ-ын хил орчмын бүс дэх тарваган тахлын байгалийн голомтын орчин үеийн байдал”  хөтөлбөрийн хүрээнд  Баян-Өлгий аймгийн Монгол-Алтайн нурууны Сийлхэмийн бүлэг голомтод хамрагдах Улаанхус, Ногооннуур (Цагааннуур тосгон) сумдын хил орчмын нутагт тарваган тахал өвчний тандалт судалгааг  2017 оны 07 сарын 01-нээс 08 сарын 02-ны  хооронд хийж гүйцэтгэлээ.

Энэхүү тандалт судалгааны үр дүнд Ногооннуур, Улаанхус, Бугат сумдын Зааг, Жаргалант, Шинэ-Даваа, Хаг нуур, Холбоонуур, Бураат, Талын толгой, Зусланбулаг, Баруун хөндийгөөс олзворлосон алтайн тарвага, урт сүүлт зурамны үхдэл, зэмээс тарваган тахлын 8 өсгөвөр, 93 эерэг материал илрүүлж, тарваган тахлын идэвхтэй эпизооти явагдаж байгааг  тогтоолоо.

Мөн дээрх голомтот нутгуудад хийгдсэн хүн амын дундах тандалт судалгаагаар тарваган тахлын халдвараар голомтот нутгийн оршин суугчид, эмнэлгийн эмч ажилчид, аялагчид, жуулчид зэрэг түр оршин суугчид өвчлөх эрсдэлтэй, тарваган тахлын голомтот газруудаар аялал жуулчлалын гол замууд дайран өнгөрдөг, тэмээний дунд тарваган тахлын эпизоот явагдах магадлалтай, тарваган тахлын дархлаажуулалтын хамралт хангалтгүй байгаа зэрэг тархвар судлалын эрсдлүүдийг тогтоож, ард иргэдийн дунд мэдээлэл, сургалт сурталчилгаа, вакцинжуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулав.

Тандалтын үйл ажиллагаа, судалгааны дүнг Мэргэжлийн тусламжийн албаар хэлэлцүүлж, зөвлөмж боловсруулан Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, Эрүүл мэндийн газарт болон  Ногооннуур, Улаанхус, Бугат сумдын засаг даргын тамгын газар, Цагааннуур тосгоны захирагчийн албанд тус тус хүргүүллээ.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter