Монгол, Хятадын хилийн эрүүл ахуй хорио цээрийн хамтарсан хурал 2018 оны 05-р сарын 03-04-нд Өвөр Монголын Өөртөө Засах орны Эрээн хотод зохион байгуулагдав. Тус хуралд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, Монгол улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Эрүүл ахуйн хорио цээрийн академи, Монгол улсын Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Хятад, Монгол хилийн боомтын удирдлага болон мэргэжилтнүүд нийт 33 хүн оролцлоо. Хоёр тал нь 2016 оны “Монгол-Хятадын хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боомтын нутаг дэвсгэрт мэрэгчээр дамжих зоонозын халдварт өвчний хамтарсан тандалт болон хамтын судалгааны ажиллагааг зохион байгуулж, халдварт өвчин тархалтын байдлын тухай мэдээлэл солилцох, боомтын үндсэн чадавхыг бэхжүүлэх, туршлага солилцох, хил дамнасан халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зэрэг ажилд дүгнэлт хийж, 2018 оны цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцээр хийсэн. Мөн мэрэгчээр дамжих зоонозын халдварт өвчний хамтарсан тандалтын ажлыг гүнзгийрүүлэх, олон улсын эрүүл ахуйн хуурай боомтыг бүтээн байгуулахыг эрэлхийлэх, эрүүл ахуй хорио цээрийн олон улсын харилцааг сайжруулах, хил дамнасан мэрэгчээр дамжих зоонозын халдварт өвчний тандалтын стандартыг судлан боловсруулах, “Нэг бүс-Нэг зам”–ын дагуу улс орнуудын эрүүл ахуйн хамтын ажиллагааг ахиулах зэрэг талд хоёр талаараа нэгдсэн саналд хүрлээ.
Нийтлэсэн огноо: 2018.05.07